Томуу, томуу төст өвчлөлийн тархалт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-02 15:26:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл сүүлийн гурван жилийн  дунджаас 10 хувиар, урьд оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар их байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Амьсгалын замын өвчлөлөөр өвчлөгсдийн 85.7 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 20.7 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж, өнгөрсөн долоо хоногоос найман хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Хүн амын дундах томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан тус газраас амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ.

Ингэхдээ, Олон нийтийн газар амны хаалт зүүх, бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гараа тогтмол савандаж угаах, сода, давсны уусмалаар ээлжлэн хоолой, амаа зайлах, ханиалгаж найтаах үедээ амны алчуур цаас хэрэглэх, даарахгүй байх, дулаан хувцаслах, дархлаа дэмжих аарц, чацаргана халуун шүүсийг хэрэглэх, дархлаа сэргээх цэгэн иллэг хийхийг зөвлөж байна.

Хэрвээ танд болон хүүхдэд ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байвал халдвар хамгааллын дэглэм баримтлан гэртээ байж, мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ