Ажлын 4 өдөрт шилжих туршилт Англид эхэллээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-06-07 15:46:32

Даваа гарагаас эхлэн Их Британийн олон мянган ажиллагсад ажлын 4 өдөрт шилжих туршилтанд хамрагдаж байна. Түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй энэ туршилт хагас жилийн турш үргэлжлэх бөгөөд түүнд 70 орчим компани оролцож байгаа ажээ.


Туршилтанд оролцогчдын ажлын цагийг 20 хувиар хорогдуулах боловч тэд цалингаа 100 хувь бүтэн авах гэнэ. Гагцхүү хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж сайжруулсан байхыг л тэднээс хүсэн хүлээж байгаа юм. Туршилтыг Оксфорд, Кембрижийн их сургуулийн эрдэмтэд, АНУ-ын Бостоны их сургуулийн эрдэмтэд, дүн шинжилгээний Autonomy компанийн ажилтнууд хамтран зохион байгуулж байна. Туршилтанд программ хангамжийн компаниудаас эхлээд хөдөлмөр эрхлэлтэнд зуучлагч компаниуд, буяны байгуулагууд болон Их Британийн Fish&Сhips гэдэг түргэн хоолны сүлжээ оролцож байгаа аж. 


Лондон хотын хойд дүүрэгт байрлах “Pressure Drop Brewery” гэдэг шар айрагны үйлдвэрийн эзэн Сэм Смит ярихдаа “ажил амьдралаа хэрхэн зөв зохицуулах талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй гэдгийг цар тахал бидэнд санууллаа. Хүмүүсийн сэтгэлзүй, бие махбодийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн глобал өөрчлөлтөнд оролцох, ажилтнуудынхаа амьдралын чанарыг сайжруулах зорилгоор бид энэхүү туршилтанд нэгдсэн” гэлээ.

Түүний компанийн хувьд туршилтын даалгавар тун энгийн ойлгомжтой. Сэмийн удирдлага дор ажиллах 9 хүнтэй бригад өмнө нь 5 өдөрт хийдэг байсан шар айраг савлах ажлыг одоо 4 өдөрт багтаан гүйцэтгэх ёстой. “Хамгийн гол нь цагийг зөв үр бүтээлтэй ашиглах явдал. Бүтээмжтэй ажиллана гэдэг нь илүү хурдан ажиллана гэсэн үг биш ээ. Ажлын явцад гардаг түр зогсолтыг ч гэсэн оновчтой ашиглаж, дараа өдрийн ажилдаа сайтар бэлтгэх нь илүү чухал” гэдгийг Сэм дурдлаа.



Ажилдаа төвлөрч, цагийг хэмнэх нь


Офис-менежерээр ажилладаг Клэр Догерти гэдэг бүсгүй бүр 4 жил хагасын өмнөөс л 5 өдрийн ажлыг 4 өдөрт үр дүнтэйгээр гүйцэтгэх боломжтой гэж бодох болжээ. “Хамгийн гол нь, ямар ч зорилгогүйгээр интернэтээр хэсүүчлэхэд зарцуулдаг цаг хугацааг хэмнэж, тогтоосон хугацаанд ажилдаа төвлөрч, түүнийгээ шуурхай чанартай гүйцэтгэх нь чухал” гэж тэрбээр ярьж байна.


3 мянган хүнийг хамран Их Британид явагдаж буй энэ удаагийн туршилт бол дэлхий даяар хэрэгжиж буй глобал санаачилгын нэг хэсэг бөгөөд цар хүрээгээр ялгаатай бусад туршилтыг Ирланд, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландад явуулж байгаа ажээ. Гэхдээ чухамхүү Британид явагдаж буй туршилтыг л түүхэн гэж үзэх хэрэгтэй гэдгийг “Global 4-day week project” төслийн ахлах судлаач Жульет Шор онцоллоо.


Түүний ярьснаар, “цагаан захтнууд” голдуу ажилладаг компаниудад ажлын бүтээмж доогуур байдаг тул тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд нь хохирол учруулахгүйгээр ажлын цагийг цөөлөх нь дээрх санаачилгын гол зорилго ажээ.


Гэхдээ ажлын цагийн тогтсон хуваарийг өөрчлөх нь бүх салбарт тохиромжтой биш гэдэг нь ойлгомжтой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхан тасралтгүй ачаалалттай ажилладаг тул ийм хувилбар тохиромжгүй. Шор-ын батлан хэлснээр, туршилтанд оролцогчид бүтээмжээ ердөө 10 хувиар нэмэгдүүлэхэд л энэ нь “ажлын богиносгосон цагт шилжих нь зүйтэй” гэдгийг эдийн засгийн талаас нь баталж чадах ажээ.


Английн баруун өмнөд нутгийн Эксетер хотод барилгын ажилчдыг хөлслөн ажиллуулдаг Girling Jones гэдэг жижигхэн компанийн ажилтнууд аль хэдийнэ өөрсдийн хүсэлтээр ажлын 4 өдөрт шилжсэн төдийгүй энэ удаагийн туршилтанд ч хамрагдсан байна.


Компанийн захирал Саймон Гирлинг-ийн ярьснаар, шинэ горимд шилжсэнээр ажлын бүтээмж болон орлого илт нэмэгджээ. “Бидний хийдэг гол ажил болох утасны дуудлага, уулзалт, ярилцлагын тоо өссөн бөгөөд хүн бүр илүү их ажлыг илүү түргэн гүйцэтгэдэг болсонд сэтгэл хангалуун байна” гэж тэрбээр ярилаа.

Компанийн ажилтнууд ч гэсэн сэтгэл өндөр байна. Жишээ нь, илүү гарсан нэг өдрөөр сайтар амраад авдаг тухайгаа Эллен Андреассен хэлээдби өмнөхөөс илүү идэвхтэй дайчин болж, сайтар унтаж амарч, өглөөгүүр сэрэхэд бие хөнгөн, цовоо сэргэлэн байдаг болсон” гэв.  


Түүнтэй хамт ажилладаг Жош Кокерилл-ийн хувьд охинтойгоо хамт өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэнээс гадна цэцэрлэгийн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болжээ. “Долоо хоногийн дундуур амралтын өдөртэй болсноор илүү идэвхтэй ажиллах сэдэл урам зориг бий болдог” гэж тэрбээр ярьж байна.


Цар тахлын үед ажлын цагийн хуучин хуваарь эвдэгдсэнээр бизнесийн салбарынхан ажлын долоо хоногийн шинэ хуваарьт шилжихэд сэтгэлзүйн хувьд нэгэнт бэлэн болжээ.

 

“Манай компани бүр 3 жилийн өмнөөс ажлын 4 өдөртэй долоо хоногт шилжсэн бөгөөд бидний амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн. Цар тахал төгсгөл болсны дараа бид өргөн хүрээтэй судалгаа хийж үзэхэд шинэ хуваариас ямар нэгэн дутагдалтай талыг олж хараагүй” гэж С.Гирлинг ярьж байна.


“Одоо бид өргөн хэмжээний туршилтанд хамрагдсанаар бүрэн хэмжээний статистик мэдээллүүдийг олж авах боломжтой боллоо. Бүх салбарт ийм загварчлалыг ашиглах нь зүйтэй гэж би үзэхгүй байна, гэхдээ энэ бол олон компанийн хувьд ажлын горим, арга барилаа сайжруулах маш сайхан боломж гэдгийг онцлон хэлье”.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

Холбоотой мэдээ