Н.Тавинбэх: “Амгалан” ДЦС нь бусад станцыг өргөтгөх техникийн боломж бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-16 15:34:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эрчим хүчний сэргэлтийн хүрээнд өнөөдөр Амгалан ДЦС-ын өргөтгөлийн шав тавилаа. Ингэснээр нийслэлийн Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллыг дулааны эрчим хүчээр хангах юм.


“Амгалан” ДЦС нь 2015 онд байгуулагдахдаа 117 ккал дулаан үйлдвэрлэж байсан нь өнөөдөр 7 дахин нэмэгджээ. Нийслэлийн оргил ачааллын үед суурилагдсан хүчин чадлынхаа 90 хувь хүртэл ажиллаж, цагт 3800 тн ус халаан, нийт дулааны 11 хувийг хангадаг талаар “Амгалан” ДЦС-ын захирал Ш.Баянмөнх дурдав. Шинээр барих өргөтгөл нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон, байгальд ээлтэй зуухтай. Энэ нь нүүрсийг 90 хувиар шатааж, үнсээ 99 хувиар шүүдэг шүүлтүүртэй, хамгийн бага ус хэрэглэж, үнсээ хуурайгаар гаргаж авдаг онцлогтойг тэрбээр онцолж байлаа.

Төслийг ЭХЯ, ЭХЗХ, Хөгслийн банк, БНХАУ-ын компани Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК хамтран хэрэгжүүлэх юм.




Төслийн нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс дараах тодруулга авлаа.


-Манай улс эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа. Ирэх өвлийг эрчим хүчний тасалдалгүй хэрхэн даван туулах вэ?

-Эрчим хүчний салбар одоогоор эрчээ алдаж, чадлын дутагдалд орсон байгаа. Өөрөр хэлбэр эрчим хүч үйлдвэрлэдэг хэмжээнээсээ хэрэглээ нь давсан гэсэн үг. Өнгөрсөн өвлийн ачааллын хувьд дотоодын үйлдвэрлэлээс дасан хэрэглээг импортын эрчим хүчээр хангасан. Эрчим хүчний хэрэглээ ер нь жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж байгаа. Энэ жилийн хэрэглээний өсөлтийг одоогоор тодорхойлох боломжгүй. Гэхдээ бид өвлийн ачааллыг амаргүй давна. Иймд шинэ сэргэлтийн бодлогоор эрчим хүчний чадлын дутагдлаас гарах хүрээнд шинэ эх үүсвэр барьж байгуулах ажлыг эрчимжүүлж байна.


Улаанбаатар хотын дулаан хангамжийн 30 орчим хувийг хангадаг “Амгалан” ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх төслийн шав тавьж байна. Төслийг 2023 оны 10 дугаар сард буюу 16 сарын хугацаанл гүйцэтгэж дуусгана. Энэ өргөтгөл байгуулснаар өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна дараагийн шинэ сэргэлтийн бодлогод тусгасан ДЦС-д өргөтгөл хийх техникийн боломж бүрдүүлж байгаа. Тодруулбал, Улаанбаатарын ДЦС-III дээр ачаалдаг хэрэглээг тодорхой хэмжээгээр “Амгалан” ДЦС руу шилжүүлснээр ДЦС-ыг өргөтгөх боломж бүрдэх юм.



-Өвлийн ачааллыг давах завсар үйлчилгээ зэрэг бэлтгэлээ хэрхэн хангаж, ямар ажлууд хийж байна вэ?

-Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч жил бүр хийдэг уламжлалт, төлөвлөгөөт засварын ажлаа өвлөөс өмнө дуусгахаар хичээж байна. Сэлбэг материалын үнэ нэмэгдсэн байна. Эрчим хүчний салбарт хэрэглэдэг сэлбэг, тоног төхөөржмийн дийлэнхийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. ОХУ нь эдийн засгийн хоригтой, БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хэвийн горимд ороогүй байгаатай холбоотой 2 хөршөөс сэлбэг материал авахад хүндрэлтэй байгаа. Гэхдээ тодорхой ажил зохион байгуулж, өвлийн ачааллаас өмнө төөлөвлөсөн засвараа дуусгахаар хичээж байгаа.


Мөн томоохон дунд, урт хугацаанд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна. Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаарддаг. Тухайлбал, хамгийн богино хугацаанд ашиглалтад орулах хөрөнгө оруулалт өргөтгөлийн ажил гэхэд л 16 сар байх жишээтэй. Бид удахгүй энэ сардаа багтаан, Улаанбаатар хотын оргил ачааллыг хаах батерейн цэнэгт хураагуурын барилга угсралтын ажил эхлүүлэхээр бэлтгэж байна. Батерейн цэнэгт хураагуурыг ашиглалтад орсуулнаар ойрын 3-4 жилд хэрэглээний оргил ачааллыг хаах технологийн боломжтой болно гэсэн үг юм.


-“Амгалан” ДЦС-ын өргөтгөл ашиглалтад орсноор БЗД харьяа газруудад хомсдол үүсэхгүй, баталгаатай эх үүсвэртэй болж байна гэж ойлгож болох уу?


-Улаанбаатар хотод байгаа ДЦС-уудаас хамгийн оновчтой байрлалтай, технологийн хувьд зөв горимтой нь “Амгалан” ДЦС юм. Нийслэлийн цахилгаан, дулааны эх үүсвэрүүд дандаа баруун талдаа байрладаг. Нэг талд байрлаж байгаа нь дулаан цахилгаан дамжуулах шугамыг хэт урт үргэлжилдэг. Шугам урт үргэлжлэхийн хэрээр эрсдэл нэмэгддэг. Тиймээс цаашид гарах эрсдэлийг багасгахаар “Амгалан” ДЦС-ын өргөтгөлийг оновчтой  байрлалд хийж байгаа. Ингэснээр 116 мгвт хэрэглээг нэмэх боломжтой болж, найдвартай ажиллагаа сайжирна. 



Холбоотой мэдээ