Хүлэгү хааны зуны орд хотын туурийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2022-06-20 14:14:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Сургууль болон Турк улсын Измир хотын Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид Ил хаан Хүлэгүгийн байгуулсан Аладагийн зуны ордны хайгуулын ажлын эхний шатыг амжилттай дуусгажээ.


Эртний Перс, Армени хэлээрх түүхэн сурвалжуудад Ил хаан Хүлэгү одоогийн Турк улсын Ван мужийн бэлчээр сайтай бүс нутгийг Лавтай сагут буюу Лавтай суух газар хэмээн монгол нэр өгч, 1261-1265  оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Олон жилийн судалгааны ажлын үр дүнд энэхүү зуны ордны туурийг нээж, түүхэн баримт, мэдээллийг баталгаажуулах ховор үнэ цэнэтэй олдворуудыг ийнхүү илрүүлжээ.


МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр хэлэхдээ, “”Ван мужийн Хан гэдэг монгол нэртэй тосгоны орчимд байгаа эртний тууриуд бол Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордон мөн байж болох тухай дүгнэлтэд хүрээд байна. Үүний дагуу эхний олдвор гэвэл Ван мужийн музейд буй Хан тосгоны орчмоос олдсон дээврийн нүүр ба  арслангийн хэлбэртэй нүүр ваар олдсоноос гадна буддын шашны бурхны хохимой толгойн чимэглэл болсон толгойны шавар баримал олдсоныг баталгаажуулж авлаа. Энэ нь Хүлэгү хааны зуны ордны дэргэд Майдар, Шагжамуни хэмээх хоёр том буддын сүм байсан гэсэн мэдээллийг энэхүү олдворуудаар баталгаажуулж байгаа юм. Эрэл судалгааныхаа явцад Их хаант улсын үед хэрэглэгдэж байсан барилгын ногоон болон цэнхэр ваарнууд, дээврийн ваарны үлдэгдэл олон тоогоор, Ил хаант улсын үеийн байдлыг үзүүлсэн олдворуудыг олж баталгаажуулаад байна. Мөн нэгэн томоохон олдвор гэвэл хас тамга, зуузай тамгыг бие биетэй нь сүлжилдүүлэн чимэглэсэн барилгын дээврийн ваар олдсон” гэв.


Өнгөрсөн хугацаанд судалгааны багийнхан цөөнгүй бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын түүх судлалд үнэтэй хувь нэмэр оруулах уг төслийн үр дүнг сайшааж, санхүүгийн болон шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн гэж тэрбээр тодотголоо. Аладагийн зуны ордонд томоохон их хуралдай тогтмол болдог байснаас гадна хамгийн багадаа 1200х1200 метр талбай бүхий орд хот байсан гэх дүгнэлтэд хүрчээ. Хээрийн судалгааны эхний шатанд илрүүлсэн эдгээр олдвор нь түүх соёлын эд өлгийн чухал судлагдахуун болох бөгөөд цаашид малтлага, судалгааг үе шаттай үргэлжлүүлэн хийх аж.





Холбоотой мэдээ