Ж.Төмөрсүхийг “Энхийн төлөө” шагналаар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-20 17:27:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны даргаар Ж.Төмөрсүх байгаль орчны салбараас анх удаа Энхийн төлөө шагнал хүртлээ.


Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах,  хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд энэ үйл ажиллагааг 2011 оноос эхлэн зохион байгуулж, жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай юм байна.  Тус шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан, эв нэгдэл энхийн төлөө бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд олгодог бөгөөд энхийн шагналтанг нийгэм, олон нийтэд таниулан алдаршуулснаар залуу үеийнхэнд үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой  юм байна.


Ж.Төмөрсүх нь Байгаль орчны салбарт тэр дундаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын чиглэлээр 34 жил тасралтгүй ажилласан. Цэвэр цэнгэг усны их нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын Тусгай хамгаалалттай газрын менежментийг амжилттай хэрэгжүүлэн ажилласныг нь үнэлж Байгаль орчны салбараас анх удаагаа энэхүү шагналыг олгож байгаа ажээ.

Холбоотой мэдээ