ТӨВ: Төрийн албанд 5080 иргэн ажиллаж байна

ОРОН НУТАГТ | Төв
tuv@montsame.mn
2022-06-23 17:33:51

Төв /МОНЦАМЭ/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны тогтоолоор “Төрийн албаны өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлага нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн улмаар тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албаны эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжил, ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа 41 албан хаагчаар ТЗАХ-ийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Салбар зөвлөлийн 2022 оны 45 дугаар тогтоолын дагуу Зуунмод хотод зохион байгууллаа.

Тус өдрөөр Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Үүний хүрээнд Аз хур номын их дэлгүүртэй хамтран номын үзэсгэлэнг дэлгэж, Төв аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран иргэдэд сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулсан байна.  

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын шийдвэрээр хариуцсан салбарын хөгжилд тодорхой ажлын амжилт, үр дүн гаргасан 11 албан хаагчийг аймгийн шагналаар шагнаж урамшуулсан юм.

2021 оны жилийн эцсийн байдлаар Төв аймаг 94042 хүн амтай үүнээс 15 ба түүнээс дээш насны 64300 иргэн байдаг бол 35200 ажиллах хүч бүхий нөөцтэй үүнээс 5080 иргэн төрийн албанд ажилладаг буюу ажиллах хүчний 14,4 хувь нь байдаг байна. Мөн 211 төрийн байгууллага байдаг бөгөөд үүнийг хүйсийн байдлаар авч үзвэл 26,29 хувь нь эрэгтэй, 73,7 хувь нь эмэгтэй байдаг байна.

 

 

Холбоотой мэдээ