ХОВД: 50 гаруй хэрэглэгчийн тоолуурыг бүрэн суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-23 19:56:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Шим ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь жилд 1.8 сая шоо метр цэвэр ус олборлон түгээж, 1.6 сая шоо метр бохир усыг татан зайлуулж, цэвэрлэдэг аж.

Тус байгууллага нь Ховд хотод нийлүүлж буй цэвэр усны хэмжээг алдаагүй тогтоох, орлого болоогүй ус буюу усны алдагдлыг бууруулах, хэрэглэгч хангагчийн уялдаа холбоог сайжруулах, хялбар аргаар усны бичилт хийх, өр авлага барагдуулах боломжийг нээх, усны зүй зохистой хэрэглээнд хяналт тавих, усны тоолууржуулалтын ажлыг сайжруулах зорилгоор энэ онд олон талт ажлыг хэрэгжүүлж байна.   

Энэ удаа Дархан хотын “Дархан-Ус суваг” ХК-тай гэрээ байгуулж, орон сууцны айл өрх, хэрэглэгчдэд дэвшилтэт техник технологи болох ухаалаг тоолуур нэвтрүүлж, суурилуулж эхэлжээ. 

Уг ажлыг Ховд болон Дархан хотын инженерүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжинд 130 орчим хэрэглэгчид ухаалаг тоолуур нэвтрүүлэхээс өнөөдрийн байдлаар 50 гаруй хэрэглэгчийн тоолуурыг бүрэн суурилуулж, ашиглахад бэлэн болгоод байна.      

Ховд аймгийн иргэд, хэрэглэгчид цаашид “Шим-Ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хандан одоо ашиглаж буй механик ажиллагаатай усны тоолуурыг бүрэн “ухаалаг тоолуур”-аар шинэчлэн солих, шинээр суурилуулан ашиглах боломж нээлттэй байна.  

 

Холбоотой мэдээ