ЗАВХАН: Наадмын сүүлийн өдөр хүүхэд залуучуудад зориулсан үйл ажиллагааг тусгай хөтөлбөрөөр явуулна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-24 20:23:21

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд, сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ардын хувьсгалын 100, 101 жил, Завхан аймаг үүсэн байгуулсны 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ажлын баг байгуулж бэлтгэл ажлыг хийж байна. Мөн баяр наадмын өдрүүдэд түүхэн тэгш ой нь тохиож буй сумдаас бусад сумын баяр наадмыг 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ жил аймгийн баяр наадмаар 128 бөх, сумдын баяр наадамд 64 бөхийг барилдуулахаар төлөвлөсөн. Мөн өсвөрийн барилдаан болно. Харин үндэсний сурын харвааг насанд хүрэгчид болон өсвөрийн харваа гэсэн ангиллаар явуулна. Шагайн харваа багийн болон, ганцаарчилсан буюу цуваа харваа гэсэн төрлөөр зохион байгуулна. Аймгийн баяр наадмын нээлт 10-ны өдөр эхэлнэ. Хурдан морины уралдааныг 9-ний өдөр эхлүүлж, сонгомол бага дунд дээд гэсэн насны ангиллаар, 10-ны өдөр Донойн хөндийд морины дөрвөн насны уралдааныг явуулна.

Энэ жил спортын бусад уралдаан тэмцээнүүдийг зохион явуулахгүй. Харин 12-ны өдөр хүүхэд залуучууд руу чиглэсэн олон нийтийг хамарсан тусгай хөтөлбөрүүд байгаа. Мөн энэ жил жороо морины уралдааныг Донойн хөндийд зохион явуулна. Түүнчлэн Улиастай сумын бөхийн цол олгох барилдааныг явуулах юм. Баяр наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр одоогоор гараагүй, энэ сарын 28-ны өдөр баяр наадмын хөтөлбөр албан ёсоор гарч нийтэд танилцуулна гэж аймгийн Баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ