Т.Хэрүүга: Хүнсний хангамж, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 3 000 боловсон хүчин бэлтгэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-27 14:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүнсний аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци" үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчий ивээл дор  "Корпорейт хотел энд Конвеншн центр"-ийн их танхимд болж байна.


Зөвлөгөөнөөр хүнсний хөтөлбөрт нийцсэн дэд бүтэц, боловсон хүчний бодлого шаардлагатай байгааг хөндөн хэлэлцэв. Зөвлөгөөниий талаар ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүгаас тодруулав. Тэрээр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц”-ийн талаар үндсэн илтгэл тавьсан юм.


“Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд манай улсад нэн тэргүүнд ямар салбарын, хичнээн эрдэмтэн, мэргэжилтэн шаардлагатай байгаа тооцоо байна вэ?” хэмээн тодруулахад тэрээр, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэн бүрдүүлэхэд юуны өмнө тухайн салбаруудын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эрэлттэй байгаа мэргэжил, мэргэжилтнүүдийг тодорхойлох нь чухал байгаа”-г тэмдэглэж байлаа. Ингэхдээ Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон хөтөлбөрүүдтэй уялдуулж байгааг дурдлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан эхэлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” хөдөлгөөн гэсэн 3 том, шинэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн эхлээд шинжлэх ухаан дээр суурилсан судалгаа чухал байна. Мөн тэдгээрт ажиллах боловсон хүчин, хүний нөөц түрүүнд тавигдаж байгаа. Энэ хүрээнд бид судалгаагаа эрчимжүүлж, гадаад хамтын ажиллагаа, харилцаагаа өргөжүүлэх нэлээн хэдэн судалгааны төсөл эхлүүлээд байна гэв.

Төсөл, судлагааг төр, засгаас дэмжиж ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, ХААИС судалгааны их сургууль болох зорилго руу алхам алхамаар явж буйг онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтийг судлах Үндэсний төв байгуулахаар ажиллаж байна.

-Яг одоо ХААИС-д хэдэн төсөл, ямар чиглэлээр хэрэгжиж байна вэ?

-Одоо манай сургууль дээр 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 205 төсөл хэрэгжиж эхэлж байна. Дээр нь бид түрүү дурдсан, төр, засгийн хөтөлбөрүүдийн хүрээнд, нэгдсэн байдлаар Уур амьсгалын өөрчлөлтийг судлах Үндэсний төв байгуулахаар манай судлаачид ажиллаж байна. ХААИС-д өнөөдрийн байдлаар 10 мянган хүн бакалавр, магистр, докторт суралцаж байна. Үүнээс 5 мянга орчим нь бакалаврын зэргээр суралцаж байна. Шинэ хөтөлбөртэй уялдуулаад 2 жилийн хугацаанд 3 000 орчим бакалаврын түвшний мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байгаа.


Ер нь улсын хэмжээнд “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хэрэгжиж буй нийт төсөл, хөтөлбөрийг тооцвол 39 мянга орчим инеженер, техникийн ажилтан хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар манай улсад бүх салбарыг оролцуулаад нийтдээ 20 мянга орчим инженер, техникийн ажилтан бэлтгэж байна. Ингээд тооцохоор дахиад 19 мянган хүнийг сургах шаардлагатай нь харагдаж байна. Нэг хөтөлбөрийн хүрээнд 3 000 оюутан бэлдэх захиалгатай байсан. Энэ жил энэ нь 3300 болж байгаа. Дараагийн 2 жилд энэ нь 5 000-д хүрнэ гэж тооцоолж байна.

-Танай сургууль ямар мэргэжил, чиглэлээр хичнээн оюутан бэлтгэж байна вэ?

-Манай сургуулийг жилд 1300-1500 оюутан төгсөж байгаа. Хөдөө аж ахуйн инженер, агрономич, мал аж ахуй, газар тариалан, малын эмч, ХАА-н эдийн засагч гэсэн үндсэн 5 чиглэлээр сургадаг. Манай төгсөгч нар аль ч мэргэжлээрээ холбогддог учир ХАА-н үйлдвэрлэлд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлдэг. Тийм учраас бид төгсөгч бүрийг ажилтай, бизнес төлөвлөгөөтэй гаргахаар хүний нөөцийн, боловсон хүчний хөтөлбөрийн шинэчлэлээ хийж байгаа гэв.


Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 93.3 мянган ААН, байгууллагаар авч үзвэл, хүний нөөц хамгийн их хэрэгтэй, шаардагдаж байгаа салбар нь худалдаа, хамгийн бага нөөцтэй нь 3.3 хувиар хөдөө аж ахуйн салбар орж байна. Тиймээс бид боловсон хүчин, хүний нөөцийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ тухайн ажлын байран дээр шаардлагатай байгаа мэргэжилтэнг бэлтгэхээсээ илүү ажлын байрыг шинээр бий болгож чадах тийм төгсөгч, мэргэжилтэнг гаргахын төлөө явна хэмээн тэрбээр тодотгон онцолж байна.

-Манай эрдэмтэн, судлаачдын үнэлэмж дотооддоо, мөн гадаадад хэр байна вэ?

-Одоо манай судлаач нар өөрийнхөө салбарын тэргүүлэх чиглэлийн олон улсын байгууллага, их, дээд сургуулиудын профессоруудтай хамтран томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь манай багш, судлаачдын академик эрх чөлөөг маш сайн хангаж өгч байна. Өндөр хөгжсөн орнуудын судлаач нартай хамтран ажилласнаар өөрсдийн чадамж, үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн боломж дээшилнэ.

Инфактор өндөртэй гадаадын сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлж, тэндээс нь олон судлаач ишлэл татан авч холбоо тогтоон ажиллаж байна. Академик эрх чөлөө гэдэг нь эрдэмтэн, судлаач нар сургалт, судалгааныхаа талаар өгүүлэл бичих, бодлого боловсруулахад оролцох, хамгийн гол нь өөрийнхөө бүтээл, судалгааны үр дүнг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлэх явдал юм. Энэ боломжууд манай эрдэмтэн судлаач нарт илүү нээгдэж байна. Тэр хэрээр тэдний маань үнэлэмж дээшилж байна. Монгол Улс технологи, инновацийн зэрэглэлээр:

  • Дэлхийн инновацийн индексээр 130 орноос 58-д,
  • Олон улсын мэдээлэл, холбооны байгууллагаас тодорхойлдог хөгжлийн индексээр 176 орноос 91-д,
  • Дэлхийн энтерпренер индекст 116 орны жагсаалтад хараахан орж амжаагүй байна,
  • дэлхийн старт-ап индексээр 100 орноос 93-т,
  • кластер хөгжлийн индексийн үзүүлэлтээр 124-д явж байна. 


Их, дээд сургуулиуд-үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд хоорондоо доорх 5 сувгаар хамтран ажилладаг. Үүнд:

  • Хүний нөөцийг боловсрол, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг,
  • Бизнесийн байгууллагаас захиалгаар ирүүлсэн судалгааг лиценз,  гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг,
  • Мөн их сургууль-үйлдвэрлэл хоёрын хамтын ажиллагааны үр дүнд бий болдог нэг зүйл нь гарааны буюу старт-ап компаниуд байдаг.
  • Их сургуулиуд шинэ мэдлэгийг бүтээж, үйлдвэрлэлд ноу-хау болгон нэвтрүүлдэг,
  • Түүнчлэн сургалт бодлогын зөвлөмж, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Их, дээд сургуулиуд үйлдвэрлэлийн харилцаа холбоог тэрээр, хүний нөөц буюу боловсрол нэн түрүүнд тавигдаж, удаалаад лиценз, гэрээ, хамтын судалгаа,  чухлыг дурдаж, старт-ап, мэдлэг ноу-хау, зөвлөх үйлчилгээ (сургалт-бодлогын зөвлөмж) дараалан орж буйг тэрээр өнөөдрийн зөвлөгөөн дээр тавьсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц”-ийн талаарх үндсэн илтгэлдээ дурдсан юм.


Зөвлөгөөний үеэр мал эмнэлгийн салбарт хэрэгцээтэй байгаа боловсон хүчний хангалтын талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэгээс тодруулахад, “Монголд гарч буй өвчний төрөлтэй харьцуулахад манай улсад ажиллах хүч тийм хангалттай биш байгаа. Манай хүрээлэн өнөөдрийн байдлаар 88 орон тоотой, үүнээс 74 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна” гэв. Боловсон хүчин хүрэлцээгүй байгаагийн гол шалтгаанаар тэрбээр эрдэмтдийн цалин, хангамж муу байгаа учир тэдний нийгмийн байдалд онцгой анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. 





Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ