Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-28 06:25:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлаас боловсруулсан d-parliament цахим платформ, батлагдсан хууль тогтоомж, мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг танилцууллаа.


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.


Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс Улсын Их Хурлаас тодорхой алхмууд хийж байна. Тухайлбал, хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан.


Энэ хүрээнд хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргах, тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилгоор “D-Parliament” цахим хуудас, аппликейшн хосолсон платформыг хөгжүүлээд байна. Олон нийтийн саналд тулгуурлан цахим платформын хөгжүүлэлтийг цаашид илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Иймд төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.


“D-Parliament” платформыг залуус дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Өнөөдрийн залуусын төрд итгэх итгэл буурч байна. Учир нь хуулийг зөвхөн бүлэг хүмүүс, өөрөөр хэлбэл хэдхэн гишүүн боловсруулаад бидний өмнөөс шийдвэр гаргадаг гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. Залуус хуулийн төсөлд саналаа өгч, төрийн үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрмэлзэлтэй болсон гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байв..


Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Иргэдийн оролцоо, ил тод байдал” сэдвийн хүрээнд хийсэн мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын энэ сарын 16-ны “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмний оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” тогтоолыг танилцуулав.




Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эдгээр нь зөвхөн үндэслэл, шаардлага гэдгийг тодотгоод иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл, заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсныг тодотгоод энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг гүйцээхэд чиглэсэн хэмээн тодорхойлов.


Танилцуулгатай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэд асуулт асууж, тодруулга авахын сацуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурь оролцогчдын дунд давамгайлж байв.

Холбоотой мэдээ