ЗАВХАН: Нутгийн онцлогоо харуулсан бүтээлүүдийг гаргаж ирсэн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-29 22:39:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар их наадам боллоо.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг нээж илрүүлэх, бүртгэн баримтжуулах, батламжлах. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилготой тус наадмыг Улиастайд анх удаа энэ сарын 25-ний өдөр зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийн долоон ай сав, 279 өвийн хүрээнд шилдгүүдээ тодруулаад буй юм. Наадамд монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлтэй төрлүүдээс эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага. Байгалийн болон сав шив ертөнцийн тухай мэдлэг зан үйл, уламжлалт арга ухаан, мал маллах арга ухаан, уламжлалт гар урлалын төрлүүдээр өвлөн уламжлагчид бүтээлүүдээ иргэдэд үзүүллээ. Ингэхдээ сум бүр нутаг дэвсгэрийн онцлог, уламжлалд тохирсон төрлүүдийг сонгож, тус бүр 20 минутын хугацаатай найруулга, тоглолтыг бэлтгэн үзэгчдэд үзүүлснээрээ онцлог боллоо.


Мөн сум бүр гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдааг гаргалаа. Наадмын шилдгүүд ирэх наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох “Нүүдэлчин монгол наадам”-д аймгаа төлөөлөн оролцох юм гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.  

Завхан аймгийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, урлаг судлаач Э.Пагмаа:

Ховордоод буй нутгийн аялгатай бүүвэйн дуу улсын наадамд оролцоно

-Наадамд аймгийн 24 сумаас нийт хэчнээн өвлөн уламжлагч оролцов?

-Энэ наадмыг аймгийн Засаг даргын 2022 оны 05 сарын 31-ны өдрийн А/307 дугаар захирамжаар  зохион байгуулсан. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг нээж илрүүлэх, бүртгэж баримтжуулах, батламжлах зорилготой. Түүнчлэн сум бүрт байгаа соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, олон нийтэд таниулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилготойгоор наадмыг зохион байгууллаа. Манай аймгийн Соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн санд 7 ай савын хүрээнд 549 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг юм. Үүнээс анхдугаар их наадамд 16 сумын 131 өвлөн уламжлагч оролцсон байна. Оролцсон сум бүр биет бус өвийн ай савын хүрээнд орон нутгийнхаа өв соёлын онцлогийг харуулсан  язгуур урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Мөн эх хэл аман уламжлал,  байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, мал маллах нутаг нутгийн арга ухааны талаар иргэдэд сурталчилсан. Наадмын үеэр соёлын биет бус өв бүр дээр ярилцлага, контент хийж баримтжуулан ажилласан байгаа. Мөн ардын уламжлалт гар урлал, цагаан идээний үзэсгэлэнг аймгийн Музей болон Төв номын санд дэлгэн ард иргэдэд сурталчлан таниуллаа.


-Сум бүр, биет бус өвийн ай савын хүрээнд орон нутгийнхаа өв соёлын онцлогийг харуулсан бүтээлүүдийг иргэдэд таниулжээ. Эдгээрээс онцолбол?

-Тийм ээ. Сум бүр соёлын биет бус өвийн талаарх бүтээлээ танилцуулсан. Тухайлбал, ардын язгуур урлагийн төрөлд гэхэд хулсан хуур, бий биелгээ, монгол ардын уртын дуу, ардын богино дуу, ерөөл магтаал, бөхийн цол, марзай гийнгоо гэх мэт төрлөөр 16 сумын 54 өвлөн уламжлагч оролцсон байна. Монголчууд хүүхдээ нутаг нутгийн өвөрмөц аялга бүхий бүүвэйн дуугаар өсгөж хүмүүжүүлдэг байсан ард түмэн. Хүүхдийг  бүүвэйлдэг нь хүүхдээ хайрлах, түүнийг эрүүл саруул өсгөх, тохиолдож болзошгүй элдэв аюулаас сэрэмжлэн энхрийлэх ёсны илрэл юм.  Бүүвэйн дуу нь хүмүүсийн зан заншил, ахуй амьдралтай холбоотойгоор орон нутаг бүрт өөр шүлэг, ая дантай байдаг. Тухайлбал, халхад “Эхийн дуу”, Шинжаанд “Бүүвэлдэй”, “Начин хөх” зэргээр нэрийддэгээс  гадна Боржигон бүүвэй, Төв халхын бүүвэй, Дарьганга бүүвэй гэх зэрэг хувилбаруудтайг судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн анхдугаар наадамд ховордоод буй аялга, үгээр нь бүүвэйн дууг дуулсан нь онцлох бүтээл байсан юм. Тодруулбал, Тосонцэнгэл сумын өвлөн уламжлагч Б.Отгонжаргалын дуулсан бүүвэйн дууг энд онцолмоор байна. Энэ өвлөн уламжлагч маань өөрийн эцэг өвгөдөөсөө энэхүү бүүвэйн дууг өвлөн сурч өдгөө хадгалан хамгаалж, хөгжүүлж яваа өвлөн уламжлагч юм.

...Зээлээ мэргэний Зээлээ бөөлөө

Зэгс гуайгийн Хүүлээ бөөлөө

Хараацай хааны ачлаа бөөлөө

Хасар горхины хүүлээ бөөлөө

Зээлээ бөөлөө

Зээлээ бөөлөө... гээд энэ бүүвэйн дуундаа авга, нагац, ач, зээ бүгдийг нь дурьдаж багтаасан мөр шүлэгтэй. Эхийн хатан ухаанаас амилсан бүүвэйн дуугаар хүүхдийн оюун ухаанд өвөг дээдсийнх нь алдар суу, удам судрыг чихэнд нь хоногшуулж, нялх балчирт нь тайвшруулан унтуулах зорилгоор аажим, намуун хөг аялгуутай бүүвэйн дуу юм. Энэхүү ховордоод буй нутгийн аялгатай бүүвэйн дуу улсын наадамд оролцохоор болсон.

-Уламжлалт ахуй, зан заншлын талаарх үзэгдэл бүхий тоглолтуудыг мөн өвлөн уламжлагчид тайзнаа тавьсан?

-Тийм ээ. Анхдугаар наадмын бас нэгэн онцлох төрөл бол уламжлалт арга ухааны төрөл байлаа. Энд цагаан идээ бэлтгэх арга ухааны төрөлд дөрвөн сумын дөрвөн өвлөн уламжлагч 10 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон.Сүү цагаан идээг уламжлалт аргаар боловсруулж, цагаан идээний өөрийн өвөрмөц амтыг нь хадгалсан цагаан идээгээр үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулсан юм. Түүнчлэн уламжлалт гар урлалын төрөлд гэхэд монгол малгайн урлал, монгол гутлын урлал, монгол гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал, монголын уламжлалт хээ угалзыг ямар бүтээлд хадгалж, урладаг талаарх үүх түүхийг харуулсан бодит бүтээлүүдээ нэг бүрчлэн тайлбарлан таниулсан үзэсгэлэн гаргасан байгаа.

Мөн эсгий ширмэл урлал, эсгий хувцас урлал, монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал, модон эдлэлийн урлал, хэт хутга хийх урлал, монгол эмээл хийх урлал. Монгол дархны цутгуурын урлал, модон сийлбэрийн урлал, ясан сийлбэрийн урлал, зээгт наамлын уламжлалт урлал, уран хатгамал, оёдлын урлал, зоосон ширээ сүлжих урлалаар нийт 16 сумын 33 өвлөн уламжлагч  оролцож, 12 төрлийн  250 гаруй үзмэр дэлгэгдсэн.

Харин эх хэл,  аман уламжлалын төрлүүдээр мөн нутаг нутгийн онцлог шингэсэн бүтээлүүдийг өвлөн уламжлагчид маань гаргаж ирж таниулсан байгаа. Жишээлбэл, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлагыг өөр өөрийн онцлогтой өгүүлж байв. Байгалийн сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, мал маллах арга ухаан, уламжлалт арга ухааны төрөлд гэхэд 16 сумын  40 гаруй өвлөн уламжлагч оролцжээ.







-Наадмын шилдгүүдийг хэрхэн шалгаруулав?

-Анхдугаар наадамд оролцогч өвлөн уламжлагчдыг бүртгэж, баримт цуглуулсан байгаа. Мөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулах, урамшуулах ажлыг хийлээ. Түүнчлэн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг нээж илрүүлэх, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах ажлыг хийнэ. Наадмыг төрөл тус бүр дээр шүүхэд шүүгчдээс ур чадвар их шаардсан байгаа. Тиймээс бид өвлөн уламжлагч бүртэй ярилцах, соёлын биет бус өвийн өөр өөрийн онцлог түүх, хадгалалт хамгаалалт, хөгжүүлэлтийг нь шүүлтэд голлон анхаарлаа.

Наадмын ерөнхий шүүгчээр судлаач, уртын дуучин М.Дорждагва, Төгс буянт хийдийн лам, Түүхийн ухааны магистр С.Эрдэнэбаяр, аймгийн музейн захирал Ж.Юнрэндорж  СУГ-ын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам, аймгийн хөгжимт жүжгийн театрын хөгжимчин МУСТА М.Санжаажав, аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б.Баяржавхлан, Соёл урлагийн газрын Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Удвал, аймгийн Хөгжимт жүжгийн театрын урын сангийн эрхлэгч Д.Ариунбаяр, аймгийн Музейн сан хөмрөгч И.Баярмаа, Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн технологийн багш Ч.Цэцэгдэмбэрэл, аймгийн Төв номын сангийн захирал Ж.Доржханд, Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээл хариуцсан мэргэжилтэн Б.Энхзул гээд соёл, урлагийн байгууллагуудын мэргэжлийн хүмүүс ажилласан байгаа.

Ингээд соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд төрөл тус бүрт нэг шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал, эх хэл, аман уламжлал, илэрхийллийн төрлөөр Отгон сумын өвлөн уламжлагч, өндөр настан н.Цэрэндаваа монгол ардын үлгэр, хулсан хуур, ардын язгуур урлагийн төрлөөр тэргүүллээ. Тосонцэнгэл сумын өвлөн уламжлагч Б.Отгонжаргал нутгийн аялгуут бүүвэйн дуу, “Дөмөн” уртын дуугаар, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлагын төрлөөр Тосонцэнгэл сумын өвлөн уламжлагч Д.Даваарагчаа “Марзай гийнгоо”-оор тэргүүллээ. Харин байгалийн сав шим ертөнцийн тухай мэдлэг төрлөөр Яруу сумын өвлөн уламжлагч С.Төөмөө, уламжлалт арга ухаан, цагаан идээ боловсруулах төрлөөр Нөмрөг сумын өвлөн уламжлагч малчин Я.Мөнхжаргал, мал маллах арга ухааны төрлөөр Их-Уул сумын өвлөн уламжлагч, өндөр настан, малчин Г.Аюурзана, уламжлалт гар урлалын төрлөөр Шилүүстэй сумын өвлөн уламжлагч Н.Төмөрбаатар монгол дарханы урлалаар тус тус шалгарлаа.






Наадамд оролцсон сумдыг долоон ай савыг хамруулсан байдал, үзэсгэлэнд оролцсон байдал зэргийг нь харгалзан үзэж шалгаруулсан байгаа. Ингээд шилдэг гурван сумыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.  Тэргүүн байранд  Их-Уул сум шалгарч өргөмжлөл 400,000 мянган төгрөгөөр, дэд байранд Отгон сум шалгарч өргөмжлөл 300,000 мянган төгрөгөөр, гутгаар байранд  Тосонцэнгэл сум шалгарч өргөмжлөл 200,000 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

Түүнчлэн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар их наадмын хүрээнд  шинээр бүртгэн баримтжуулсан болон аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн 123 өвлөн уламжлагчдад үнэмлэх, батламж олгосон байна. Мөн өвлөн уламжлагчдаа амжилттай оролцуулсан бүх Соёлын төвүүдэд Соёл, урлагийн газраас талархал илэрхийлж дурсамж хадгалууллаа.

-Танд баярлалаа.




Отгон сумын өвлөн уламжлагч Н.Лхамсүрэн:

Үнэ цэнтэй зүйлээ өвлүүлж үлдээх нь бидний үүрэг юм


/"Малчин айлын нэг өдөр" зээгт наамал/

-Та уламжлалт уран хатгамлыг анх хэнээс сурч өвлөж авсан бэ?

-Би Отгон сумын Уран Чоймбол гэдэг хүний гурав дахь үеийн хүн. Өнөөдөр нас сүүдэр 76 хүрч байна. Анх ээжээсээ үйл мэтгэхийг заалгаж байв. Ялангуяа нуруу хатгах, шүд хатгах оёдлыг сурч байлаа. Ингээд 1990 оноос хойш уран хатгамал, оёдол хийж байна. Мал маллангаа уран хатгамал, эсгий урлал, зээгт наамлаа хийдэг. Манай монголчууд чинь үе дамжсан уран үйлчин улсууд шүү дээ. Утас, зүү холбон хатгамал урлахад нарийн ажиллагаа шаардах бөгөөд их ч цаг зарцуулдаг. Гэсэн хэдий ч дуртай болохоор 30 гаруй жил уран хатгамалаа хийж байна.

-Та уран хатгамлаа хүмүүст зааж сургаж байна уу? Уран хатгамлынхаа зургийг нь өөрөө зурдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Сумандаа 150 гаруй шавьтай. Намайг зориод ирсэн, үйлчин болох хүсэлтэй хүн бүхнийг л хүлээн авч өөрийн мэддэг зүйлээ зааж сургахыг хичээж байна. Зургаа өөрөө зурна. Ер нь бол өөрийнхөө хэмжээнд л харж байгаад л зурдаг юм. Бас телевизээр ямар бүтээл хийхээ харж байгаад санаа авна. Миний дуртай ажил болохоор өдөр тутмын ажлынхаа хажуугаар үйлээ мэтгээд сууна шүү дээ. Анх хатгамал оёж байхад тэр үеийн торго, даавуу, дурдан, утас гээд чанар сайтай байжээ. Одоогийн материалын чанар их муудсан. Хатгамлаа бүтээл болгохын тулд эхлээд бэлдэц, даавуу, торго, утасны эрэлд их гардаг юм. Чанартайг нь сонгох гэж. Учир нь зүү ороох, нуруу хатгах гээд, зээгт наамалд утас их чухал байдаг юм. Одоогийн утас сөрдийнө, хэтэрхий нарийн ширхэгтэй байна, тасарна, шаглаа нарийн тод гарахгүй гээд бэрхшээлтэй зүйл их. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн бүр, хүсвэл хэн ч гэсэн өвөг дээдсийн минь үлдээсэн уран хатгамал, эсгий урлалыг сураад мэдээсэй. Аж амьдралдаа хэрэглээсэй гэж их боддог юм. Одоогийн хүүхдүүд утас шагайж, телевизийн өмнө цагаа барж байхаар ухаанаа уралдуулж, сэтгэлээ шингээж үйл мэтгээсэй гэж их хүсдэг. Тийм ч учраас олон шавь төрүүлэхийг, олон хүнд зааж сургахыг хичээж явдаг юм.

-Та бас эсгийгээр их зүйл хийжээ? Хэчнээн бүтээлтэй ирэв?

-Тийм ээ. Малаас гарч байгаа ноос, хөөвөр, ноолуур гээд бидэнд чинь хэрэгтэй түүхий эд их шүү дээ. Ноосоо угаана, сэмлэнэ, зулна. Эсгийгээр хийх гэж байгаа бүтээлийнхээ яс, чанар, зориулалтад нь тааруулж нимгэн, зузаан, гээд бэлдэнэ. Ингээд бүтээлээ хийнэ. Ихэвчлэн хишгийн уут, тоорцог, гутал, углааш, олбог, ширдэг гээд эсгийгээр хийхгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Эсгийгээ хатгамлаараа чимнэ. Малын хялгас, хөөврөө алгадаж, бээмбийлж утас ээрнэ. Ээрсэн утсаараа эсгий олбог, ширдгээ ширнэ. Гээд ажиллагаа их, цаг хугацаа ч зарцуулна. Аймгийн анхдугаар наадамд 50 гаруй бүтээлтэй ирж оролцож байна. Өнгөрсөн жил аймагтаа түрүүлж, улсын өвлөн уламжлагчдын наадамд очиж оролцсон. Тэгээд мөнгөн медаль хүртсэн, ардын авьяастан цолоо ч гардаж авсан.

-Хатгамал хатгахын сайхан нь юу юм бол? Та бүтээлийнхээ санааг яаж олдог вэ?

-Малчин хүн байгаль эхтэйгээ хүйн холбоотой аж төрдөг шүү дээ. Байгаль эх, тэр тусмаа хөдөөгийн нэг өдөр,  малчдын аж амьдрал бүр утга, бэлгэдэл, өнгө дүрсээр хэрхэн илэрхийлэх вэ гээд бүтээлийн санаа мундахгүй. Байгаль дэлхий, мал аж ахуй тэр чигтээ л уран зураг, өөр өөрийн гэсэн онцлог, утга агуулгатай. Эдгээрийгээ л өнгө ялгаж, шаглаж, хатгаж, нааж, хүний хэрэгцээтэй бүхий л зүйлдээ шингээж, урлаж болно шүү дээ. Монголын уламжлалт хээ угалз хүртэл бидний аж амьдралаас урган гарсан бэлгэдэлтэй байдаг яг л түүн шиг. Уран бэрийн торгон ухаан, эмэгтэй хүний мяндсан хэлхээ гэсэн оньч үг хүртэл бий шүү дээ. Уран хатгамлаас бэлгэдэл, түүх, уламжлал, өнгө будаг, бас баяр баясал гээд маш их мэдээллийг авдаг шүү дээ. Хатгамал хийдэг хүн тэвчээртэй, алив зүйлийн гарц гаргалгаа, шийдлийг зөв олдог, тайван амгалан болдог. Яагаад гэвэл, хатгамал хийж байгаа хүн хамаг бие, сэтгэлээ бүтээлдээ төвлөрүүлж, өөр юмыг огт анзаарахаа больдог юм. Тэгэхээр их бясалгал болдог гэж би боддог юм. Зээгт наамал, зүү ороох, задгай хатгамал, хонин холбоо, хэрээсэн болон хаваасан хатгамал, шаглах, хөших, хөвөрдөх, загасан нуруу гээд хатгамалд маш олон төрлийн оёо шаглаа байна. Багаасаа дурлаж, ээжийнхээ оёж хатгаж байхыг хараад, сонирхлоороо сурч, дурлаж яваа болохоор их сайхан байдаг. "Үйлчин хүн өвдөдгүй" гэж ярьдаг. Бүтээл бүхэнд гарын ур дүй, ухааны цар, хичээл зүтгэл, амьсгаа, сэтгэл шингэж байдаг болохоор их тайвшрал, бясалгал болж өгдөг шүү. Үйлээ мэтгэж дуусчхаад хараад сууж байх нь ч их сайхан. Зээгт наамал хийхэд хоёроос гурван сарыг зарцуулдаг. Учир нь нарийн чимхлүүр дүрс бүрийг нааж, эвлүүлж, зүйж наадаг болохоор тэр. Тэгэхээр бүтээл бүр минь сэтгэл шингэж урладаг болохоор надад их үнэ цэнтэй байдаг. Үнэ цэнтэй зүйлээ үр хойчдоо өвлүүлж үлдээх нь үүрэг юм шүү дээ бидний. 





 

Холбоотой мэдээ