Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 15.1 хувиар НЭМЭГДЛЭЭ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-30 08:50:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 15.1, өмнөх оны эцсийнхээс 7.9, өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдлээ. 


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 15.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 (мах, махан бүтээгдэхүүн 6.7 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 25.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 5 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 7.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.6, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 9.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.


Харин мөн үнэ энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 5 дугаар сард 8 хувь, 2020 оны 5 дугаар сард 3.3 хувь, 2021 оны 5 дугаар сард 6.2 хувь гарсан бол энэ оны 5 дугаар сард 15.1 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.9 нэгж хувиар нэмэгдсэн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь гарсны 5.3 нэгж хувь буюу 35.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байв. Инфляц энэ оны 5 дугаар сард 15.1 нэгж хувь гарсны 56.3 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 20.8, өмнөх сарынхаас 0.4 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны 5 дугаар сард 11.6 хувиар, энэ оны 5 дугаар сард 17 хувиар өсөж, өсөлтийн хурдац 5.4 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 5 дугаар сард 3.6 хувиар, энэ оны 5 дугаар сард 14.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 10.9 нэгж хувиар нэмэгджээ. Энэ оны 5 дугаар сард хүнсний бүлгийн үнэ Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеийнхээс 17.6, хүнсний бус бүлгийн үнэ баруун, төвийн бүсэд 15.6 хувиар өссөн нь хамгийн их байна.


Барааны бүлгийн үнэ 2021 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар, энэ оны 5 дугаар сард 17.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 9.7 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 5 дугаар сард 1.9 хувиар, энэ оны 5 дугаар сард 8.9 хувиар өсөж, өсөлтийн хурдац 7 нэгж хувиар нэмэгдлээ. Энэ оны 5 дугаар сард Улаанбаатарт барааны бүлгийн үнэ 18.3, үйлчилгээний бүлгийн үнэ 10.5 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв.


Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 2.6 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 3.7, ямааны ястай махны үнэ 5.2, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 7.5, ямааны ястай махны үнэ 4.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ