Э.Отгонбаатар: Монгол гэрийн сийлбэрийг биетээр товойлгож хийснээр илүү гоё харагддаг
МОНГОЛ БРЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүдэлчин Монголчуудын соёлын илэрхийлэл гэр сууц нь 3000 жилийн тэртээгээс хэв шинж нь бүрэлдэж өнөө цагийн бидэнд уламжлагдан иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн авсаархан энэ сууц нь архитектурын онцгой шийдэлтэй хийгээд агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэдэг тодотголоороо одоо ч шалгарсан хэвээрээ байна.
Монголчууд гэр сууцаа эрт дээр үеэс чамин хээ, угалзаар чимэглэн сийлж, өнгө будгийг хослуулан тансаг, ая тухтай орчныг бүрдүүлж байсан уламжлалаа өнөө үед ч хадгалсаар байгаа ард түмэн.
Манай улс 2013 онд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж байв.
Энэхүү гайхалтай өв соёлыг тээж байгаа залуу сийлбэрчдийн төлөөлөл бол Э.Отгонбаатар. 20 гаруй жил сийлбэрийн урлагаас хөндийрөөгүй тэрээр 2019 онд “Отгоо модон урлал” урлангаа нээсэн байна. Өөрийн гэсэн монгол гэрийн хэв маягийг бүрдүүлж, чамгүй амжилттай яваа түүний урлангаар манай сурвалжлах баг зочилсон юм. Тус урлангийн үйлдвэрийн өрөөгөөр ороход энд тэндгүй модны үртэс хөглөрөх нь үзэгдэх ч хуш модны зөөлөн үнэр таатай мэдрэмж төрүүлнэ.
Э.Отгонбаатар Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 2003 онд сийлбэрчнээр төгссөн байна. Түүний аав боржигин хийцээр цохилж бүтээл хийдэг нутагтаа нэртэй алт мөнгөний дархан. “Бага байхдаа аавынхаа хийж байгаа зүйлд нь тусалсаар ур ухааныг нь өвлөж авсан юм болов уу” хэмээн намуухан аясаар тэр ярина.
Тэрбээр, “Манай урлангийн хийж байгаа гэрийн онцлог дөрвөн өргөн уньтай. Гэр бүрийн сийлбэр өөр өөр. Өөрөөр хэлбэл, нэг хээгээ дахиж давтдаггүй. Нэг хээндээ зориулж загвар гаргаад, түүндээ уялдуулж гэрээ хийнэ. Мөн захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлж гүйцэтгэдэг. Өөрийн гэсэн брэнд бий болгохыг зорьж байна. Ерөнхийдөө “Отгоо хийц” гэдэг нь мэдэгдэнэ л дээ.
Жишээлбэл, миний сийлбэрт амьтны толгой ихтэй. Ингэхдээ, амьтны толгой, сүүл, булчинлаг эрхтэнг илүү товойлгож, биетээр нь гаргаж ирвэл сүүдэрлээд илүү гоё харагдана. Ерөнхийдөө амьтдын толгойг нь “3D” маягаар биетээр нь гаргаж ирэхийн зэрэгцээ, үйл хөдлөлийг нь нарийн харуулахыг зорино.
Дөрвөн хүчтэн гэхэд л, эх бие нь хавтгай байхад, толгой нь биетээрээ гараад ирсэн байх жишээтэй” хэмээн бүтээлийнхээ онцлогийг тайлбарлав.
Тус урланд мужаан, сийлбэрчин, зураач зэрэг 10 орчим хүн тогтмол ажилладаг бөгөөд нэг сийлбэртэй модон гэр урлахад хоёр сарын хугацаа зарцуулдаг байна. Сүүлийн үед сийлбэрчиид автомат машин ашиглан хурдан урлах боломжтой болсон ч Э.Отгонбаатар түүнийг таалахгүй. Монгол хээ нь байгалийн юмс, уул ус, ургамал, амьтан зэргийг угалзруулан дүрсэлдэг тул цааш, нааш орсон ажилбар ихтэй. Тиймээс машинаар сийлэх нь нарийн ур гаргах боломжгүйг учирлана. “Хосолмол сийлбэртэй машинаар хавтгай талд хээ нь цаана, наана орсныг нь нарийн гаргаж чадахгүй, мэлгэрдүү болно. Гараар сийлснээр, гарын ур их гарсан, нарийн чимхлүүр, нааш цааш орсон байдал нь тодорхой харагдана. Тиймдээ ч хүний гараар хийсэн юм илүү үнэлэмж өндөр болдог” хэмээн Э.Отгонбаатар гар хийц, машинаар урлах хоёрыг ялгааг тайлбарлалаа.
“Гараар урлах нь нарийн, хугацаа шаарддаг тул хэдэн цагаар суучихдаг, заримдаа улайрахаар цаг ч хурдан өнгөрдөг. 2011 онд Тайван руу гурван гэр гаргах гээд улсын баяр, наадмаар амрахгүй хэдэн өдөр нойргүй сууж байв. Ачиж явуулчихаад л нэг сэтгэл хөнгөрч билээ” хэмээн Э.Отгонбаатар модоо сийлэнгээ инээмсэглэн ярина. Тэрээр одоо луу ороосон гэрийн багана урлах ажилд төвлөрөөд байгаа юм.
Сийлбэрийн урлаг тэвчээр шаардахын зэрэгцээ хутга, мэстэй ажилладаг тул өөрийгөө гэмтээх эрсдэл өндөр. Гараа исгэснээс болж дахиж хэзээ ч сийлбэр хийхгүй гэж өөртөө амласан ч түүний сийлбэр хийх хүсэл тэмүүлэл нь дийлээд хэдийн 20 жил болжээ. Энэ тухай тэрбээр, “Анх зүүн гарынхаа алгыг исгэчихээд дахиж сийлбэрийн хутга барихгүй гэж уйлж байлаа. Тэр үед 2001 оны үе, нэгдүгээр курсын оюутан байхдаа хөдөө гэртээ аав, ээждээ зориулж морин хуур хийж байсан юм. Гэхдээ одоо ч сийлбэрээ хийж л байна шүү дээ. Ер нь сийлбэрийн хутга барихаар гаранд эвэр ургаж, ачаалал ихтэй үедээ хутгаа барьж ч чадахаа больдог. Эрхий хуруу түгжих, араас нь түлхэх маягаар хутганы ирийг байнга дагаж явдаг” хэмээн ярилаа.
Сийлсэн модоо будаж өнгө оруулж “амилуулах” нь зураачийн ажил. Тус урлангийн зураачид өнгө, будган дээр нарийн ажиллаж гэрийн деталь, эд зүйлийг эртний мэт харагдуулахад анхаардаг аж. Гэрийн тавилга, эд зүйл хүний нүдийг ядраахгүй, таатай өнгө будагтай байх нь чухал. Түүнээс гадна модон дээр будна гэдэг зураачаас ч ихээхэн чадвар шаарддаг гэдгийг тус урлангийн зураачид тайлбарлаж байв.
"Отгоо модон урлал" урлангийн зураач Ц.Алтаншагай, “Би Гандигийн нэрэмжит политехник коллежийг зураач мэргэжлээр төгссөн. Тэнд сурч байхдаа одоо хэрэглэж байгаа өнгөнөөс өөр өнгөнд дурлаж байлаа. Гэтэл модон дээр тэр өнгүүд яагаад ч зохицохгүй юм билээ. Зураачийн эмоциор өнгө оруулчихбал, хэт хурц болчихдог. Тиймээс хүний нүдийг ядраахгүй, харахад таатай өнгийг найруулдаг. Ерөнхийдөө, хуучны өнгө аясийг санагдуулам өнгө илүү зохидог” хэмээсэн юм.
Монгол үндэстний соёлын өв болсон гэр сууц нь жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой бөгөөд эсгий туурга нь цагт 500 удаа агаар сэлгэж чаддаг ажээ.
Эрт дээр үеэс эсгий гэрийг монгол ба түрэгийн гэж ялгадаг байсан байна. Түрэг гэр нь бүнхгэр бөгөөд жижигхэн тоонотой, унь нь урт, сагалдрагатай тал нь тахир, хана нь намхан байдаг бол монгол гэр нь том тоонотой, богинохон шулуун уньтай, хана нь өндөрдүү байдаг.
Сүүлийн үед захиалагчдийн хүсэл сонирхлоор карказан гэр урлах болсон байна. Ингэснээр, уламжлалт гэрээс ялгаатай нь баганагүй болж зай талбай нь нэмэгдэх бөгөөд орчин үеийн шийдлийг тусгах, шинэ санаа боловсруулах боломжтой. Наад зах нь гэрийн хананы аль ч хэсэгт цонх гаргах боломжтой байдаг аж. “Отгоо модон урлал” урлан цаашдаа монгол гэрийг уламжлалт хээ, угалзаас гадна бүрэн Европ хэв маягаар урлахаар төлөвлөж байна.
"Отгоо модон урлал" урлангийн үүсгэн байгуулагч Э.Отгонбаатар хамгийн сүүлд урласан захиалагчийнхаа гэрийг бидэнд сонирхуулав. Тус гэрт бурхны гүнгэрваа, арслантай авдар, ор, ширээ, шүүгээ зэрэг монгол гэрт байх ёстой бүх тавилгыг сийлбэрлэн бүтээжээ.
Э.Отгонбаатар ярихдаа, “Энэ гэрт дутуу зүйл нь морин хуур л юм уу даа. Энэ хаалганы хоёр талд том цонх хийсэн. Дээр үед гэрийн хатавчинд жижиг хоёр цонх байсан шүү дээ. Түүнийг нь томруулаад л хийчихсэн гэсэн үг. Өргөн унин дээр төрийн долоон эрдэнэ, бадамлянхуа цэцэг хийсэн. Захиалагчийн маань өөрийн нэрэнд очир гэдэг үг орсон тул очирыг түлхүү сийлсэн” хэмээгээд, сүүлийн үед олны танил эрхмүүд захиалга өгөх болсныг хэлж байв. Тухайлбал, Монгол Улсын аварга Д.Санжаадамба, Дундговь аймгийн алдарт уяач Н.Баярсайхан, дуучин Д.Болд зэрэг нэрс дурдаж байлаа. Тэрээр Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн “Гэр” цогцолборын тооно, 10 гаруй тулгуур багана, хаалганы дотор зэрэг детальд сийлбэр хийж гүйцэтгэснээ ч онцлов.
Ташрамд өгүүлэхэд, Монгол гэр нь хийсэн материал, гоёл чимэглэл зарим хийц хэсгийн хувьд харилцан адилгүй байснаас “Монголын нууц товчоо” ба бусад ном зохиолд харцын гэр, чорхон, тэрэм, соёд зэргээр нэрлэгдэн иржээ. Гэрийг тархалтын байдлаар нь үзвэл ар, өвөр монгол, буриад, халимаг, алтай, хасаг, киргиз, хакасчуудын дунд дэлгэрчээ. Сүүлийн жилүүдэд монгол гэрийг гадаад орны хүмүүс урлагийн бүтээл гэдэг утгаар илүү сонирхож ХБНГУ, БНСУ, Япон зэрэг оронд 10 гаруй гэртэй жуулчны баазууд байгуулагдаад байна.
Технологи, барилга архитектур өндөр хөгжих тусам хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ улам ойртохыг хүсэх болж, өв соёл руугаа тэмүүлэх болжээ. Тиймийн учир хүн төрөлхтөний соёлын биет бус өв болсон монгол гэрийн уламжлалыг хадгалан үргэлжлүүлж буй эдгээр уран бүтээлчдээр бид бахархах нь зайлшгүй юм.
Видео контент бэлтгэсэн:
Найруулагч, эвлүүлэгч Ж.Эрдэнэмөнх