ХОВД: 200 орчим хүүхдийг чийрэгжүүлж, дархлааг нь дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-04 14:07:24

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зорилтот бүлгийн 1-3 насны хүүхдийг чийрэгжүүлэх зуны сувилал ажиллуулж байна.   

Энэ сувиллын үйл ажиллагаа нь Буянт голын хөвөөнд 10 хоногийн хугацаанд үргэлжлэх учиртай.

Одоогоор найм дахь өдрийн үйл ажиллагаа нь амжилттай өрнөж, бага насны хүүхдийн бие бялдрыг эрүүлжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт ажил зохион байгуулж байна.  

10 дахь жилдээ өрнөж байгаа хүүхдийн зуны сувиллын үйл ажиллагааг 2016 оноос эхлэн Жаргалант сумын ЗДТГ-аас дэмжиж санхүүжүүлж буй.

Харин таван өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнууд Буянт голын ногоон зүлгэн дээр “гэр” барьж,  уураг илчлэгийн дутагдалтай, цус багадалттай, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн 200 орчим хүүхдийг нарны илчинд шар сүү, гүүний саамд оруулж, тараг, үзэмний шүүс, бантан зэрэг эмчилгээний эрүүл хүнсээр хооллож байна.   

Түүнчлэн хүүхдэд иллэг, массаж хийх аргачлалыг эцэг эхчүүдэд зааж сургаж байгаа бөгөөд чийрэгжүүлэлтийн ач холбогдол, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгааны талаар эцэг эх, асран хамгаалагчийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт хийж байгаагаараа онцлогтой.

Энэ жилийн зуны чийрэгжүүлэлт нэлээд үр дүнтэй болж байгаа талаар эцэг эхчүүд онцоллоо.  Мөн хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ дархлаа сайтай, эрүүл хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж, дархлааг нь дэмжиж байхыг эмч нар зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ