ХОВД: Үндэсний хувцас урлаачид 30 гаруй загвар танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-08 14:06:31

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Үүнтэй уялдуулан үндэсний хувцасны язгуур хэв шинж, дээл, бусад эд хэрэглэлийн онцлог талуудыг сурталчлах зорилгоор Ховд аймгийн төв талбайд өнөөдөр "Дээлтэй монгол-2022" үйл ажиллагаа зохион байгууллаа.   

Энэ үеэр соёл урлагийн салбарын уран бүтээлчид, иргэд, оёдолчдын төлөөллийг оролцуулан үндэсний хувцас, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа явуулж, иргэд баяр наадмын гоёлоо худалдан авах боломж бүрдүүлснээрээ онцлогтой.     

Монголчууд дээл хувцсандаа алив сайн зүйлийг бэлгэшээн урладаг. Тиймээс ч монгол хувцсыг өмсөхөд эртнээс мөрдөж ирсэн цээрлэх ёсон бий. Энэхүү ёс уламжлалыг шингээсэн 30 гаруй төрлийн дээл хувцас, орчин үеийн хийц бүхий шилмэл загваруудыг 10 гаруй оёдолчин урлаж, энэ өдөр загварын тайзнаа олон нийтэд нээлттэй сонирхуулсан нь "Дээлтэй монгол" үйл ажиллагааны нэгэн онцлог тал байлаа.

Дээрх ажлын цаг хүрээг өргөжүүлэх, үндэсний хувцас, өв соёлоо сурталчлах үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү онцлон хэллээ.   

 

Холбоотой мэдээ