БАЯНХОНГОР: Хүн үүслийн ул мөрийг хадгалсан Цагаан агуйн орчмыг тохижуулжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-07-18 11:30:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын онцлог бүтээгдэхүүн үзмэр, түүх соёлын хосгүй дурсгалт газар болох Цагаан агуйг хамгаалж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах, тухайн бүс нутгийг сурталчлах төсөлт ажлыг БОАЖЯ-ны  дэмжлэгээр хэрэгжүүллээ. 

Баянлиг сумын Цагаан агуй орчмыг ийнхүү тохижуулсан нь соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.

Цагаан агуй нь Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайтай оршдог.  Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй.


Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг. Цагаан агуй нь шохойн чулуулагийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг байна.

Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987-200 онд хийсэн зургаан удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ.

Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг. Тус агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийжээ. Агуйгаас олдсон тэдгээр чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800 000 – 700 000 жилийн үеийг хамрах аж.