ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн заан Г.Дармаажанцан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-12 11:46:03

Ховд /МОНЦАМЭ/.  Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдаж, Дөргөн сумын харьяат, залуу бөх, аймгийн заан Г.Дармаажанцан түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. 

Харин Манхан сумын харьяат, аймгийн начин Б.Даваадалай үзүүрлэж, аймгийн заан цолоор шагнууллаа. 

Мөн Чандмань сумын харьяат, “Ховд бөхийн дэвжээ”-ний залуу бөх сумын заан У.Батцоож тав давж, аймгийн начин цолны болзол хангав.

Ийнхүү энэ жилийн баяр наадмаар 3 бөх шинээр аймгийн цол авч байгаагаараа онцлогтой. Мөн Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргал цолны чимэг нэмлээ.

Чансаа өндөр, улсын цолтой бөхчүүд нутгийнхаа баяр наадамд зодоглосонгүй. Энэ нь нэг талаар шинээр төрөн гарч буй залуу бөхчүүдэд боломж олгосон  үйл явдал боллоо гэж зарим бөх сонирхогч иргэд хэлж байв.  

 

 

 

Холбоотой мэдээ