Залуу монгол судлаачид Говьсүмбэрийг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-26 18:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад чуулж буй Залуу монгол судлаачдын сургуульд оролцогч, гадаадын оюутан судлаач нар өнөөдөр хөтөлбөрийн дагуу хөдөө орон нутгийн аж байдалтай танилцахаар Говьсүмбэр аймгийн зорилоо.

Зуны сургуульд оролцогч зарим оюутны судалгааны ажил, Монголд ирсэн сэтгэгдлийг сонслоо. БНХАУ-ын ӨМӨЗО-оос ирж оролцож буй залуу судлаач У.Үзэмж хэлэхдээ, “Би өөрөө ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн уугуул хүн. Манай Шилийн голд хойд нутгаараа халх аялгаар, урагшаагаа цахаржуу аялгаар ярьдаг. Миний судалгааны сэдэв “Монгол Улсын хэл буюу орчин цагийн монгол хэлний үндсэн үгийн сангийн бүрэлдэл, тогтлын үйл явц” Түүнийг Өвөрмонголын халх аялгуутай харьцуулан яаж хувирч буйг судалж байгаа. Жишээ нь, монгол хэлний “хүүхэн” гэдэг үг манай Өвөрмонголын халх аялгуугаар “миний охин” гэдэг утгаар хэрэглэдэг ялгаа бий. 1920-1930 оны үеийн монголын уран зохиолд ингэж хэрэглэж байсан" гэв.


Харин Япон улсаас ирсэн оюутан судлаач К.Ано, Монголын уран сайхны “Тунгалаг тамир” киноны эмэгтэйчүүдийн үндсэн дүрийг судалж байгаагаа хэлж байлаа. Тэрбээр монгол эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн холбоог аж ахуйгаар тодорхой гаргаж ирснийг онцолж, ийм сэдвээр судалгаа хийх дуртай хэмээн ярилаа.


Манай улсад жил бүр зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуульд энэ удаа ОХУ, АНУ, Герман, Турк, Лоас, Мозамбик, Тайванийн 17 их, дээд сургууль болон судалгааны төвийн 30 залуу судлаач оролцож байна. Тэд хөдөө, орон нутагт ажиллаж малчны хотонд монгол ахуй, хэл, соёлтой танилцаж ирээд сургалтынхаа сүүлийн 7 хоногт нийслэл хотод лекц сонсож, хэлэлцүүлэг хийх юм. Ингэснээр 14 хоногийн зуны сургууль дуусна. 

Холбоотой мэдээ