ХОВД: Нутгийн 75 орчим хувьд гандуу байна

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-27 12:31:31

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймагт зуншлагын байдал ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.

Нийт нутгаар зуншлагын байдлыг авч үзвэл,  энэ сард нутгийн 25 орчим хувь нь хэвийн, 75 орчим хувь нь гандуу байна.

Бүс нутгийн хувьд Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор зуншлагын байдал тааруу гандуу байна. Өндөр уулын бүсийн нутгаар зуншлагын байдал хэвийн байна.   

Одоогийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-7 см, ургамлын ургалтын байдал Цэцэг, Мөнххайрхан, Ховд сумын нутгаар сайн буюу хэвийн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.

5, 6 дугаар сард хур тунадас бага орсон, хөрсөн дэрээ 40 градусаас дээш халалт олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад таатай биш нөлөөлж, таана, хөмүүл гэх мэт ургамал шарлах, хатах, нийт ургамлын ургалт удаашралтай хаталтын байдалтай байна.  

Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 30-40 хувь, хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.  Иймээс нийт иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.

Нийт суманд хонь хяргах ажил сүүлийн шатандаа явж, сүү цагаан идээ бэлтгэх, мал оторлох ажил голлон өрнөж байна. Мөн эрт ургацын хүнсний ногоо хурааж борлуулах, усалгаа, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явж байна. 

Холбоотой мэдээ