БАЯНХОНГОР: "Морьтон соёлыг дэлгэрүүлэгч гэр бүл"-ийг шалгарууллаа

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-31 19:34:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Баянхонгор аймаг байгуулагдсаны 80, 81 жилийн түүхт ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музейгээс "Морьтон соёлыг дэлгэрүүлэгч гэр бүл"-ийг шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.


Монголчууд эртнээс сайн морь, сайхан эмээл хазаараар гангаран нааддаг уламжлалтай. Ирээдүй болсон хүүхэд залууст адууны өв соёл, уламжлалт хувцасны өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өдөр тутмын хэрэглээ болгох, ёс заншлаа эрхэмлэн дээдлэдэг иргэн болгон төлөвлүүлэхэд зориулж уг тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болоод буй.


Тэмцээний нэгдүгээр байранд Баянхонгор аймгийн Улсын тэргүүний Галуут сумаас оролцогч Ж.Түмэнбаяр, М.Ариунжаргал, удаах байранд Баянхонгор аймгийн Өлзийт сумын оролцогч Э.Ууганбаяр, У.Долгор, гуравдугаар байранд Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас /Аймгийн Онцгой байдлын газраас/ оролцогч Х.Цэнд-Очир, Б.Пүрэвсүрэн нарын гэр бүл шалгарлаа.

Тэмцээний аваргыг шалгаруулахдаа монгол хувцас хэрэгсэл, морины эд хэрэглэл зэргээр хэрхэн ижилсэн гоёсон зэргийг харгалзсанаас гадна эрчүүдээр ногт зангидуулж, бүсгүйчүүдээр дээс томуулж даалгаврыг гүйцэтгэсэн хугацаагаар нь эрэмбэлжээ.

Холбоотой мэдээ