УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны намрын чуулганы 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-05 08:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол улсын нийслэлийн талаар хэлэлцсэн тухай тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:-
13 дугаар зүйлээ ярья. Монгол улсын нийслэл Улаанбаатар мөн гэж оруулсныг шинэ төсөл дээр Монгол улсын нийслэл орших газар, эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн байдлаар өөрчилсөн байна.

П. Улаанхүү:-Монгол улсын нийслэлийг шууд нэрлэж өгье гэсэн бодолтой байна. Нийслэл шилжиж магадгүй гээд хэдэн юм хаагаад байна. Тийм учраас Монгол улсын нийслэлийг шууд нэрлээд бичих нь зүйтэй гэсэн саналтай байна.

Р. Гончигдорж:-Нэрийн хувьд.

П. Улаанхүү:- Нэрийн хувьд “Өргөө” гэж нэрлэх. УБХ гарч ирээд юу хийв ээ гэхэд хүмүүсийн сэтгэл санаанд үлдэх хэд хэдэн юм байх ёстой. Энийг хотын дарга мэдээд шийдчих асуудал байх. Гэтэл тэр хүмүүс хийх чадваргүйгээс хойш Бага хурал яагаад хийчхэж болохгүй байх вэ? Ингэснээрээ маш их ач холбогдолтой шийдвэр гарах юм.


Н. Сампилноров:- Монгол улсын төрийн хэргийг эрхлэн явуулах төрийн ордон улсын нийслэлд байна гэх. Төрийн ордны хуулийг тусгай хуулиар баталж өгнө гэе. Энийг төрийн бэлгэ тэмдэг гэдэг дээр оруулах юм уу, 13-р зүйл дээр оруулах юм уу мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар энд ороогүй байх гэж бодож байна. Хэрэв энэ буруу бол тайлбар хэлж өгч болж байна. Төрийн ордонтой байна тусгай статустай байна гэж байгаа. Хуулиараа энийг бататгаад өгөх нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна.

С. Батчулуун:- Монгол улсын нийслэл Улаанбаатар хот гэдгийг тусад нь зааж өгөх.

Ч. Цэрэндагва:- Монгол улсын нийслэлийг тухайлан авахгүй байгаа нэгдүгээр функцийг нь зөвшөөрч байна. 2, 3 дугаар функцийг хасах саналтай байна. Яагаад вэ гэвэл өчигдөр бид тохирсон. Үндсэн хуульд ямар нэгэн зүйлийг хуулиар тодорхойлно гэж заахыг больё гэж тохирлоо гэж би ойлгосон. Тиймээс энийг хасах нь зүйтэй.


Р. Гончигдорж:-Яг түгээмэл утгаар нь тэгж тохирсон зүйл байхгүй гэж бодож байна.

Ч. Цэрэндагва:- Би тэгж ойлгосон шүү. Үндсэн хуулиар заах хэрэггүй гэж. Би бол хэлсэн. Хуулиар заах ёстой гэвэл Үндсэн хуульд заах ёстой гэж хэлсэн. Хэрэггүй гээд өчигдөр хассан.

Р. Гончигдорж:-11 дүгээр зүйлд /өчигдөр/ зэвсэгт хүчний зохион байгуулалт түүнд алба хаагчийг хуулиар тогтооно гэснийг хэлж байна л даа.

Ч. Цэрэндагва:- Энэ бол яг тэгж заагдах зүйл биш гэж хэн ч хэлээгүй. Ерөөсөө Үндсэн хуулиар заана гэж хэлэх асуудал нь илүүц юм гэж улсууд санал гаргаж хасуулсан.


Л. Баярцэнгэл:-Тэгж тохирсон юм байхгүй шүү дээ санал гаргасан болохоос биш.

Р. Гончигдорж:-Санал хурааж ярилцъя.

Ч. Цэрэндагва:-Тийм утгаар тэрийг хасаагүй бол 11-ийн тэрийг хассаныг ойлгохгүй байгаагаа дахин хэлье.

Р. Гончигдорж:-Монгол улсын нийслэлийн нэрийг энд зааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа санал байна. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 9,
  • түдгэлзсэн 4, бүгд 38, олонх байна.

Нийслэлийн хувьд, Өргөө, Улаанбаатар гэсэн нэрний хоёр санал байна. Монгол улсын нийслэл тэр хотноо гэж байсан шүү дээ. Одоо бол нэр орших газар эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэрийг хотын захиргаа нэрээн тогтоохгүй гэсэн утга энд илэрхийлсэн байна. Хэрэв ингээд орхивол нэрийг хотын дарга биш хуулиар тогтоож байх юм байна гэж ойлгогдож байна. Энэ нэрэн дээр саналаа хэлье.

С. Чулуунбаатар:-Нийслэлийн нэрийг эндээс тогтоож Их хуралд оруулах нь зүйтэй болов уу. Би эргэлзэж байна. Нийслэл хотоо яаж нэрлэх вэ гэдэг бол ард түмний эрхийн асуудал болов уу гэж бодож байна. Нийтийн санал хураах журмаар дараа нь шийдэж болно. Тийм учраас одоогийн байгаа хуулийн төслөөрөө байвал яасан юм бэ гэж бодож байна. Төсөлд зааснаар нь байлгая.


Б. Галсандорж:-Нийслэл хотын нэрийг заана гэдэг бол нэг талдаа зөв юм. Гэхдээ өнөөдөр бол шийдчихэж чадахгүй Их хурал ч тэр болгон чадахгүй болов уу гэж бодож байна. Улаанбаатар гэдгийг мэдээж авахгүй байх. Өргөө гэдэг дээр, Өргөө гэдэг чинь хэдийд гарч ирсэн юм. Үнэхээр нийслэлийн нэр болж чадах уу, үгүй юу гэдэг дээр маргаантай байна. Хоёрдугаарт, нэртэй нь нүүлгэх асуудал яригдаж болохыг бид үгүйсгэхгүй байгаа. Тэгвэл Хархорин гэвэл яах вэ? Да хүрээ гэсэн нэр байгаа. Энэ дээр би түүхэн үндэслэлийг хэлж чадахгүй учраас тэр нь гээд хэлчхэж чадмааргүй байна. Тийм учраас шинжилгээ судалгаа явуулаад, шилжүүлэх үү, нүүлгэх үү гэдэг дээр урьдаас шийдмээр байна.

Хамгийн гол нь юуг нийслэл гэж хэлэх вэ гэдгийг заачихсан байгаа. Мөн хуулиар тогтооно гэсэн байгаа. Тийм учраас энийг хэн дуртай нь шийдэхгүй хуулиар тогтоох юм байна. Хууль бол Их хурлаас гарах юм. Тэгж цаг нь болтол шинжилгээ судалгаа явуулж хэлэлцүүлье.


Г. Зуунай:- Энэ асуудлыг бид Үндсэн хуулийн төсөл анхны төсөл ярихад нэлээд ярьсан. Улаанбаатар гэх үү болох уу ард түмнээр хэлэлцүүлэх үү гэж. Тэгээд олонхын саналаар ард түмнээр хэлэлцэгдээгүй. Тийм учраас нэгэнт ард түмнээр хэлэлцэгдээгүй гэнэт шийдсэн асуудлыг өнөөдөр Үндсэн хуульд нэр заах шаардлагагүй гэж бодож байна. Би бол хотод хайртай ч гэсэн Улаанбаатар гэсэн нэрд нь дургүй.

Ч. Цэрэндагва:- Үндсэн хууль дээр нийслэлийн нэрийг заахгүй гэдэг асуудал бол Өргөө юм уу, Улаанбаатарт дургүйцсэндээ биш гэж бодож байна. Ямар нэртэй нийслэлтэй байх аа ард түмэн нэгдүгээрт шийднэ. Хоёрдугаарт, хэрэгцээтэй цагтаа нийслэлийнхээ нэрийг өөрчлөх эрхтэй байх ёстой.Тийм учраас Үндсэн хууль дээр нэрийг хадаж заадаг нь буруу юм. Чухам ямар хот нь тодорхойлолт өгсөн заалт бол туйлын зөв гэж үзэж байгаагаа дахин илэрхийлье.


Ш. Шагдарсүрэн:-Нэрийг тавиад хэрэггүй юм гэсэн саналыг дэмжиж байна. Галсандоржийн хэлж байгаа зүйл үнэн. Энэ бүгдийг үзэж харж байж өгөх ёстой гэж бодож байна.

Н. Самат:-Ямар ч гэсэн улсын нийслэлийн нэр болж чадах уу үгүй юу гэдэг асуудал дээр яригдах ёсгүй гэж бодож байна. Ямар нэг улсын нийслэлийн нэр болж чадах ямар нь чадахгүй гэдэг асуудал яригдах ёсгүй гэж бодож байна. Энэ бол бид нарын үзэмжийн асуудал биш ард түмний мэдлийн асуудал гэж бодож байна. Ерөөсөө чулуугий нь тавихад энэ хонхорт ямар нэр байсан, хот маань нийслэл байсаар байх юм бол  тэр нэрээр байх ёстой. Бид энэ дээр Улаанбаатар гэсэн нэрд дуртай дургүйдээ ч биш. Дараах хот анх ямар нэртэй байсан тэрийг сэргээх үү, үгүй бол Улаанбаатар гэж хүчээр хэсэг бүлэг хүмүүс өөрийнхөө дураар зохицуулж тавьсан энэ нэрийг бид зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал. Түүхийг сэргээх асуудал. Тийм учраас Өргөө гэж нэр өгөх ёстой.


Ц. Элбэгдорж:-Төсөлд байгаагаар үлдэх нь зөв гэж бодож байна. Нийслэлийнхээ нэрийг ард түмэн мэднэ шийднэ гэсэн байр суурь бол зохимжгүй. Тэртэй тэргүй та нар шийдэх эрхтэй шүү гээд ард түмэн Их хурлаа байгуулах байх ард түмэн төрөө байгуулах байх. Шийдвэл шийддэг газар нь Бага хурал мөн. Гэхдээ асуудлыг шийдүүлэх үүднээс Өргөө гэж нэрлүүлээд Их хуралд ороод Өргөө гэдэг нэрээрээ гарна гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас энэ байдлаараа явсан дээр. Дараачийн Их хурал энийг Өргөө байдлаар нь хуулиар шийдэж чадна гэж бодож байна. Ард түмэн шийдэг гэсэн байдлаар орхиж болохгүй.

Х. Пүрэвдагва:-Энэ төслөөр нь байлгах саналтай байна.


Д. Батсүх:-Эрхэм гишүүдийг ойлгож байгаагаар бол өнөөдөр яаран нэр өгөх өө больё гэсэн эрхэм гишүүдтэй санал нэг байна. Харин Саматын хэлсэн зүйлтэй эсрэг байна. Яагаад вэ гэвэл хуучин байгаа газрын нэрээр нэр өгнө гэдэг асуудал байж болохгүй. Тэр газрын нэрээр ерөөсөө өгдөггүй. Бага хурлаар зайлшгүй нийслэлийнхээ нэрийг эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдгээрээ л явж байх нь зүйтэй.

Р. Гончигдорж:- Энэ төсөлд байгаагаар нь нэрийг Үндсэн хуулийн энэ хэсэгт заах шаардлагагүй юм гэсэн цөөнхийн санал байгаа учраас дахин санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 7,
  • татгалзсан 29,
  • түдгэлзсэн 4, олонхын дэмжлэг авахгүй байна. 

Хоёр дэх хэсгийг хасъя /13-р зүйлийн/ гэдэг дээр санал хураалт явуулъя. 

  • зөвшөөрсөн 12,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 2, олонхын дэмжлэг авахгүй байна гэжээ.

Үргэлжлэл бий.                                         Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ