"Запорожье" АЦС руу гал нээсэнтэй холбогдуулан НҮБ-ын АЗ-ийг хуралдуулах хүсэлт тавьжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-10 11:36:24

МОСКВА. /Anadolu/. "Запорожье" атомын цахилгаан станц /АЦС/ руу гал нээсэнтэй холбогдуулан ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ хуралдуулах хүсэлт тавьсан байна. Энэ тухай ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар дахь эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.


"Сүүлийн өдрүүдэд "Запорожье" АЦС руу хийсэн Украины дайралт, түүний болзошгүй гамшигт үр дагавартай холбогдуулан ОХУ НҮБ-ын АЗ-ийг наймдугаар сарын 11-ний үдээс хойш хуралдуулахыг хүссэн" гэж эх сурвалж хэлсэн байна. 


Өөр нэг эх сурвалжийн хэлснээр, Оросын тал мөн ОУАЭА-ийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Рафаэль Гроссийг илтгэгчээр оролцуулах хүсэлт тавьжээ.


Наймдугаар сарын 7-нд Запорожье АЦС руу дахин гал нээсэн байна. 


Украины эрх баригчид АЦС руу гал нээсний хариуцлагын ОХУ-д хүлээлгэжээ. 


“Террорист улс нь АЦС руу буудаж байхад өөрсдийгөө аюулгүй гэж боддог ийм ард түмэн дэлхий дээр хаана ч байхгүй” гэж Украины Ерөнхийлөгч ням гарагт мэдэгдсэн байна.  


В.Зеленский "Запорожье" АЦС-д өгсөн Оросын цохилтын хариуд зарчмын арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. 


МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гросси уг станц руу гал нээсэнд санаа зовж буйгаа урьд нь илэрхийлсэн юм. Тэрбээр станцын хамгаалалт, аюулгүй байдлын баталгааны талаар явуулах МАГАТЭ-гийн шинжээчдийн ажлыг ахлахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн байна.


"Запорожье" бол Европын хамгийн том АЦС юм. Уг станц нь эрчим хүчний зургаан блоктой. Эхний блокийг 1984 оны 12 дугаар сард, зургаа дахийг нь 1995 оны 10 дугаар сард ашиглалтад оруулжээ. 


Холбоотой мэдээ