Францад дахин түймэр дэгджээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-08-11 12:47:24

ПАРИС. /TASS/. Өнгөрсөн сард томоохон хэмжээний ойн түймэрт өртсөн Францын баруун өмнөд нутгийн Ландес, Жиронда мужуудад дахин түймэр дэгджээ. Эрх баригчид түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.  


“Жирондад түймэртэй тэмцэх шинэ үе шатанд 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ” гэж мужийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд захирагч Мартин Гепро мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, мужид гарсан түймэрт 6.2 мянган га ой мод сүйджээ. 


Түймэр агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгааг тэрбээр анхааруулаад “гадуур аль болох явахгүй байх, ил талбайд дасгал хийхгүй байх, архаг хууч өвчтэй хүмүүст илүү их анхаарал хандуулахыг" зөвлөсөн байна. 


Францын өмнөд хэсэгт орших Аверон мужийн эрх баригчид мөн мужид гарсан ойн түймрийг одоог хүртэл хяналтад аваагүй байгааг мэдээлжээ. 


Франц даяар гал түймрийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин төрийн болон хувийн байгууллагуудад хандан сайн дурын гал сөнөөгчид болох ажилтнуудаа ажлаас чөлөөлж, гал түймэртэй тэмцэх ажилд нэгдэхийг уриалсан байна. "Францад онцгой эрчимтэй тархаж байгаа түймэртэй тэмцэхэд тэдний тусламж хэрэгтэй байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Түүний хэлснээр, "Франц даяар найман томоохон түймэр нэгэн зэрэг асаж байна".


Хэт халуун цаг агаар, салхи, ган гачиг Францын бүс нутгуудад томоохон хэмжээний байгалийн түймэр дэгдэх шалтгаан болжээ. “Meteo France” үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, өнгөрсөн долоодугаар сар Францын түүхэн дэх хамгийн хуурай хоёр дахь сар болсон байна. Долоодугаар сард тус улсад ердөө 9.7 мм хур тунадас орсон нь 1991-2020 оны статистикийн дундаж үзүүлэлтээс 84 хувиар бага байна.


Дэлхийн гадаргыг ажиглах ЕХ-ны “Copernicus” хиймэл дагуулын системийн мэдээллээр, Францад он гарснаас хойш түймрийн улмаас 48 мянга гаруй га талбай шатжээ. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 15 жилийн дээд хэмжээ юм. Өмнөх дээд үзүүлэлт 2019 онд бүртгэгдсэн бөгөөд тухайн үед 43.4 мянган га талбай түймэрт өртжээ.  


Түймрийн хамгийн том голомт Жиронда мужид бүртгэгдсэн байна. Долоодугаар сард тус мужид аравхан хоногийн дотор 21 мянга орчим га ой шатсан байна.  


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ойг нөхөн сэргээх үндэсний хэмжээний төсөл боловсруулах шаардлагатай байгааг мэдэгджээ.



Холбоотой мэдээ