Хятад улс Оростой хийх худалдаагаа хялбаршуулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-08-12 14:55:50

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Монголын төмөр замын дэд бүтцэд оруулах Хятадын хөрөнгө оруулалт нь Орос, Хятадын худалдааны тээврийн цаашдын хөгжилд хувь нэмэр үзүүлнэ гэж “South China Morning Post” сонинд бичжээ.


“Хятад, Оросын худалдааны ихэнх хэсэг нь Монголоор дамждаг бол энэ онд хоёр улсын хоорондын худалдаа хурдацтай өргөжсөн. Тэгвэл дэд бүтцийг сайжруулснаар энэ худалдааг нэмэгдүүлэхэд нэмэр үзүүлнэ" гэж "Moody's Analytics" компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Стив Кочран хэлснийг тус сонин эш татсан байна. 


Харин “Capital Economics” дүн шинжилгээний компанийн шинжээч Жулиан Эванс-Причардын үзэж байгаагаар, Монголд дэд бүтцийг хөгжүүлэх Хятадын гол зорилго нь Монголоос Хятад руу нийлүүлэх нүүрс, зэсийн хүдрийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой гэж “South China Morning Post” сонинд бичжээ. 


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг энэ сарын 8-нд Улаанбаатарт айлчлах үеэр Монгол Улс, БНХАУ хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Талууд үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, тасралтгүй байдлыг хангах үүднээс зарим боомтыг төмөр замаар холбохоор тохиролцсон. Бээжин, Улаанбаатар мөн коронавирусний цар тахлын улмаас хаагдсан хилийн боомтуудаа дахин нээхээр тохиролцсон байна. 


БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний долоон сарын байдлаар Хятад, Оросын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 29 хувиар нэмэгдэж, 97.71 тэрбум ам.долларт хүрчээ.


Холбоотой мэдээ