Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчдийг дэмжих зардлыг төсөвт тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-15 10:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчдийг дэмжих зардлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.


Тэрбээр, нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцсан юм.


Энэ үеэр Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Засгаас газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Энэхүү бодлогын “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх ажил их байна. Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн тал хувь нь хөдөөнөөс  Улаанбаатар хотод шилжин суурьшиж байна. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу очиж ажиллаж буй боловсон хүчнийг дэмжинэ. Нийслэлээс шилжиж, хөдөөд ажиллаж буй иргэдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийн эзэд гэж үзэж ипотекийн зээлийн багц дэмжлэгийг олгоно. Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмнэ. Мөн очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгох зэрэг нь ирэх оны төсвийн онцлог. Харин нийслэл Улаанбаатар хотод ирж буй хүмүүс татвар төлдөг болно. Ингэж л зохицуулалтыг зоригтой хийхгүй бол цаг хугацаа явах тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг өснө, ажлын байрууд нэмэгдэнэ, алс хязгаар нутаг эзгүйднэ. Ингэсээр байгаад газар нутгийнхаа гуравны нэг дээр нийт хүн ам төвлөрч, хот улс болох аюул ойрхон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм" гэлээ.

Холбоотой мэдээ