Х.Кобаяши: 50 жилийн сургамжаасаа суралцан, хамтын ажиллагааны хөгжилдөө тусгах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-19 13:50:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Монгол-Япон бизнесийн форумыг зохион байгуулж байна.


Форум нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ой болон цар тахлын дараа харилцан ашигтай, урт хугацааны бизнесийн харилцаа, сайн түншлэлийг үүсгэх боломж бүрдүүлэх зорилготой. Энэ үеэр Монголд бизнес эрхэлдэг Японы компаниудын төлөөлөл хоёр орны бизнес эдийн засгийн харилцаа хөгжсөн байгаль орчин, санхүү, мэдээллийн технологи, харилцаа холбоо зэрэг салбартай холбоотой илтгэл хэлэлцүүлэн мэдээлэл солилцож, цаашдын зорилгоо ярилцана. Тодруулбал, Япон технологи ашиглан Монголын уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдэх, Японы зах зээлээс хүлээх хүлээлт, Монголын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцүүлж байна.



Форумыг нээж Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ “Монгол Улс, Япон Улс нь өнгөрсөн 50 жилийн түүхээ эргэн харж, сургамжаасаа суралцан, цаашдын хамтын ажиллагааны хөгжилдөө тусгаж явах ёстой”-г онцолсон юм. Тэрбээр, “Япон, Монгол орон найрсаг дотно харилцаатай ч бизнесийн хувьд, 2 улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Японы компаниуд Монголд бизнес эрхлэн хөрөнгө оруулалт аажим нэмэгдэж байгаа. Хоёр улс улам нягт харилцаа холбоотой ажиллаасай гэж олон хүн бодож байгаа байх. Ялангуяа, цар тахлын халдварын нөхцөл байдал эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Дэлхийн улс орнууд энэ хямралыг давахын тулд хүчин чармайлт гаргаснаар энэ вирустэй зэрэгцэн оршингоо нийгэм, эдийн засгийн хэвийн амьдралаа сэргээх шинэ үе шатад шилжихийг зорьж байна” хэмээлээ.



Япон Улс бол манай улсын стратегийн түншлэлийн харилцаатай, эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан анхны 3 дахьч түнш болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр онцлоод, хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэн, харилцаа холбоо, мэдээллийн технологи, цахим чиглэлийг түлхүү хөгжүүлэхийг уриаллаа.


Түүнчлэн, форумын үеэр MUFG Банк, Канадын тэтгэврийн сан CDQQ хамтран GAIA(Unlocking Climate Finance) санхүүжилтийн платформ бий болгоод байгаа. Үүнд MUFG Банк нь агентаар ажиллахыг Mицүбүши UFJ банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын захирал Кикүчи Казүёши дурдлаа. 


Уг төсөл нь хөгжиж буй 25 орныг сонгож, цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон төсөл хэрэгжүүлж, нэг улсад 50-100 сая ам.долларын санхүүжилт олгоно. Нийт санхүүжилт нь 1.125 тэрбум ам доллар байх бөгөөд орлогын эх үүсвэр нь төсвийн байх төслийг санхүүжүүлэх аж.


Төслийг Монголын БОАЖЯ, Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн эрх бүхий байгууллагад танилцуулжээ. Цаашид ЭЗХЯ, БОАЖЯ-тай хамтран, санхүүжүүлэх боломжтой төслийн талаар хэлэлцэх юм. Монгол Улсын зээлжих зэрэглэл B (олон улсад хөрөнгө оруулалтын бус ангилал гэж үздэг) боловч MUFG банкны GCF, тэтгэврийн сантай хамтран босгож буй энэ санхүүжилт нь тогтвортой эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдгийг Кикүчи Казүёши тэмдэглэв. 



Манай улс 2025 онд Японд болох “Осака-Кансай EXPO” олон улсын үзэсгэлэнд албан ёсоор оролцоно. Монгол Улс анх 1970 онд Японы Осака хотод зохион байгуулсан”Экспо 70” үзэсгэлэнд урилгаар оролцож байжээ. Манай улсад одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй аж ахуйн нэгж компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Форумд Монгол-Япон Бизнес форумыг Япон Улсын ЭСЯ, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй форумд Монгол Улсаас 300, Япон Улсаас 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тухайлбал, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Монгол дахь Японы худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн холбоо, Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг /JUGAMO/, Япон-Монголын бизнесийн харилцааны нийгэмлэг, HIS Монголиа ХХК, Хүрээ энтертайнмент ХХК-ас гадна Монгол Улсын ГХЯ, МҮХАҮТ, Японы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага, Мобиком Корпораци, Тоёота Сэйлс Монголиа ХХК, ЖДҮГ, JICA, UNDP, HIS Монголиа ХХК, Мицүи Корпораци, Mицүбүши UFJ банк, ХХБ, Абико ХХК, Rohto ХК, HushTug Mongolian Leather LLC компани Монголд бизнес эрхэлж буй туршлага, 2 орны бизнесийн нөхцөл байдлын талаар танилцуулна. 


Холбоотой мэдээ