ХОВД: “Өвлийг өнтэй давцгаая” шилдэг сум, малчин өрх шалгаруулах уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-25 10:44:22

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил баруун зүгийн нутаг, тэр дундаа Ховд аймагт зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу байснаас өвс хадлан ч бага авах шинжтэй байна. 


Тиймээс Ховд аймгийн бүх сум, малчид өнөөдрөөс өвлийн бэлтгэлдээ цаг алдахгүй ороход нь дэм болох үүднээс ирэх сард Малчин, удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж, дараах уралдааныг зарласан байна.   


Тодруулбал, “Өвлийг өнтэй давцгаая” шилдэг сум, малчин өрх шалгаруулах уралдаан нь 2022 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ гэж  удирдамжид тусгажээ. 


Цас дарж, цаг хүндэрсэн хойно нь "түргэн" авч сандарч гүйлдэх биш, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллах нь гамшгийг хүндрэл, хохирол багатай даван туулахад хамгийн чухал. Иймээс малчид, иргэд өвлийг өнтэй давах бэлтгэлээ эрчимжүүлэхэд зориулж зарласан болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Мөн баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт өвөлжилт хүндрэх, зуд болох магадлал маш өндөр гэсэн үнэлгээг ОБЕГ-аас гаргажээ.

Зуд турхан болох нь тодорхой болоод байгаа ийм үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, өвс тэжээлийг яаралтай баруун бүсэд шилжүүлэн байрлуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг оновчтой зохион байгуулах талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт холбогдох албан тушаалтнуудад санууллаа.   

Холбоотой мэдээ