Цөлжилтийн эсрэг хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-26 10:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил төсөл”-ийн нэгжийн дарга Я.Ариунзул нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Ингэснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулан, ногоон байгууламж нэмэх, мод үржүүлгийн газар байгуулахад тус төвөөс мэргэжил арга зүйн дэмжлэг авч, говийн бүсийн нөхцөлд ургах чадвар бүхий мод, бутны үр, тарьц, суулгац нийлүүлэх, дэлхийн жишигт нийцсэн олон улсын сургалт судалгааны лаборатори, шинэ технологи, инноваци хөгжүүлэх, орчин бүрдүүлэхэд хамтран ажиллана.


“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төмөр замчин залуус өөрийн компанийн хэрэгжүүлж буй “Ногоон зам” төслийн хүрээнд төмөр замын трассын дагуу 16 сая ширхэг мод тарихаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 7,4 сая ширхэг мод тарих батламж гардаж авчээ. Одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Цогтцэций өртөөний орчимд таван төрлийн 2000 гаруй мод суулгаж, ургалт нь 98 хувь байгаа бол ийнхүү ЗТХ-ийн сайдын төмөр замын байгууллагуудын удирдлагын хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд ажиллах үеэр өгсөн үүрэг бодит ажил болж эхэлжээ.

 


Холбоотой мэдээ