Монгол эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх таатай орчин үгүйлэгдэж байна

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-08-29 11:34:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.      

 

 Эмэгтэйчүүд бизнес амжилттай эрхлэх таатай орчин Монголд бий юу?

Монгол Улс Үндсэн хуулиндаа “эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй  байна”, мөн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тус тус заасан байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эдийн засаг, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох тухай л заасан байдгаас биш эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэхэд тусгайлан дэмжих тухай заасан хуулийн зохицуулалт манайд огт байхгүй. Харин сүүлд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заалт оруулсан.


Өнгөцхөн харахад хүйсийн эрх тэгш харилцаа нь бизнесийн орчинд шударга харилцаа мэт боловч бодит байдал дээр эмэгтэйчүүдэд зайлшгүй дэмжлэг заавал хэрэгтэйг дэлхийн олон улсад олж хараад хэдийнээ тусгайлсан эрх зүйн орчныг нь бүрдүүлээд явж байгаа юм.  Хүйсээр ангилахгүй тэгш үйлчлэх манай хуулийн зарчим нь эргээд зарим талаараа зайлшгүй тусгайлан дэмжлэг үзүүлэх хэсэг бүлгийг чирэгдүүлж, нарийвчилсан зохицуулалтгүйн улмаас эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцоог орхигдуулж байдаг байна.


Монгол Улсын хувьд “Эмэгтэй бизнес эрхлэгч” гэсэн ямар нэгэн албан ёсны хуулийн нэршил, тодорхойлолт байдаггүй. Гэтэл энэ нэршил, тусгай тодорхойлолт нь үгүй учраас эмэгтэй аж ахуй эрхлэгчид хуулийн дагуу дэмжлэг авах нөхцөл бүрддэггүй.


Эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цаг эрэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөрт зарцуулж буй цагаас их, мөн цалин хөлсний зөрүүнээс үүдэж эмэгтэйчүүд бага орлого олдог. Түүнчлэн нийгмийн уламжлалт сэтгэлгээтэй холбоотойгоор өмч хөрөнгийг өрхийн тэргүүн, эрэгтэй хүний нэр дээр бүртгүүлэх хандлага түгээмэл байдгаас үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүй гэх үндэслэлээр санхүүгийн дэмжлэг авч чадахгүй байгаа нөхцөл хүртэл бий болж байдаг байна.  Ташрамд дурдахад Монгол Улс 2019 онд жендерийн тэгш бус байдлаараа дэлхийн 162 орноос 77 дугаарт жагссан байдаг.

 

  


 Эмэгтэйчүүд хамгийн хариуцлагатай бизнес эрхлэгч

Бизнесийн салбарт хүйсийн ялгаатай зохицуулалт яагаад заавал байх ёстойг маш олон талаас нь тайлбарлах боломжтой байдаг. Хамгийн наад зах нь л эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр буюу гэр бүлдээ хөдөлмөр эрхлэх байдлыг цагаар нарийвчлан тооцвол ямагт өндөр байдаг. Монгол бол жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалт харьцангуй сайтай орнуудын нэгд тооцогддог хэдий ч хэрэгжилт хангалтгүй улс. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс өгсүүлээд, өмч хөрөнгийн бусад хэлбэрийн эзэмшлийн байдлаараа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс ямагт илүү байдаг тухай судалгаа манайд байдаг. Энэхүү тэгш бус байдал нь хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтэд, цаашилбал шийдвэр гаргах түвшинд ч нөлөөтэй байх хандлага тодорхой ажиглагддаг. Монгол дахь албан болон албан бус бизнесийн бүртгэлийн мэдээллийн санд хүйсээр ангилсан нарийвчилсан мэдээлэл ч хомс, ер нь байхгүй гэж хэлж болно.


2021 оны эцсийн байдлаар манай улсад бүртгэлтэй 147 мянга гаруй аж ахуйн нэгжийн 63 орчим хувь нь эрэгтэй удирдах ажилтантай, үлдэх 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай гэсэн тоо гарчээ. Гэтэл судалгаагаар голчлон эмэгтэй удирдлагатай компани илүү тогтвортой, хариуцлагтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, мөн зээлийн эргэн төлөлтдөө ч маш хариуцлагатай ханддаг нь ажиглагдсан байх юм. Ерөөс эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог одоогийнхоос нэмэгдүүлэх нь эдийн засгийн салбар дахь эмх цэгцтэй оролцоо сайжирна гэж шууд ойлгож, харж болох юм.



Манай улс “Бизнес эрхлэгч эмэгтэй” гэдгийг өдий хүртэл тодорхойлоогүй, зөвхөн хүйсээр ангилахаас гадна өөр юу юуг хамааруулах, энэ нь юунд ашигтайг бараг л анхааралгүй ирсэн гэхэд болно.  Дэлхийн олон оронд эмэгтэй бизнес эрхлэгчийн хуулинд заасан нэршил нь тодорхой, энэ утгаараа тэдэнд үзүүлдэг дэмжлэг зэрэг нь бүгд хуулийн хүрээнд явагддаг. Эмэгтэй бизнес эрхлэгчиддээ ийнхүү хуулийн тогтсон тодорхой нэршил олгоод, эрхзүйн орчинд нь дэмжих бодлого суулгаж өгснөөр эмэгтэйчүүдийнх нь эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр маш өндөр байдаг аж.  Энэ тодорхой байдал нь бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхээс гадна илүү тогтвортой хариуцлагатай бизнесийн удирдагчдын хүч нөлөөг ашиглаж эдийн засгийн нөхцөл байдалдаа эерэг нөлөө үзүүлэх нэг боломж гэж харж болохоор байдаг аж.


Харин манайд хамгийн идэвхитэй, хамгийн хариуцлагатайгаар бизнес болоод банк, санхүүгийн үйл ажиллагаанд оролцдог хэсэг болох эмэгтэйчүүд нь бүх талаар давуу эрх, давуу боломжийг ашигладаг эрэгтэйчүүдтэйгээ хууль эрхзүйн яг ижил хүрээнд зэрэгцэж үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл тэдний хөлсгүй хөдөлмөрөөс эхлээд нийгмийн бусад харилцаанд гаргадаг цаг нь хүртэл эрэгтэй бизнес эрхлэгчээс харьцангуй илүү. Тиймээс хүйсээр ялгаваргүй хандах гэсэн хуулийн эрхтэй гэдэгт сэтгэл хангалуун явах бус, дэмжлэг тусгайлан авах ёстой онцгой эрхээ харин хуульчлахад анхаарах зайлшгүй шаардлага байгаа юм.  

 

                                              Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх нөхцөл гэж яагаад тусгайлсан зүйл байх ёстой вэ? 

Судлаачид аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх гол гарц нь ердөө тусгайлсан хуультай болж, эрх зүйн орчныг нь хангалттай бүрдүүлэх явдал юм гэж хэлдэг. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, үйл ажиллагаагаа амжилттай явуулах, таатай орчин бүрдүүлэхэд бодлогоор анхаарах зайлшгүй шаардлага бий. Үүний тулд хамгийн түрүүнд “Эмэгтэй бизнес эрхлэгч” гэдэг нэр томъёог нь хуулиндаа тодорхойлчихсон байх ёстой юм. Дэлхийн олон улс орон дахь ийм жишгийг нэвтрүүлэх асуудал манайд хүлээгдэж  байгаа. Эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болох эрх зүйн өөрчлөлтийг бий болгох асуудал маш чухал. Мөн дараагийн нэг асуудал нь эдийн засгийн хүрээн дэх жендэрийн зөрүүтэй байдлыг арилгах. Эмэгтэйчүүдийн гэрлэлт болон хүүхэд төрүүлж өсгөх, мөн эдийн засгийн үйл ажиллагаан дахь оролцоогоо зохистой байдлаар хослуулах боломжийг тэдэнд олгож дэмжих явдал нэг гол зүйл. Хэдийгээр энэ нь хүний ёсны асуудал, хууль дүрмээр зохицуулшгүй мэт боловч яг үнэндээ нэмэлтээр, энэрэнгүй зохицуулалтаар эмэгтэйчүүдийнхээ оролцоог тэгш авч явах үүрэг хариуцлага, басхүү бодлого хэрэгтэй.


Эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэх боломж илүү нээлттэй, таатай болсноор эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь хүртэл эерэг болж ирдэг сайн туршлага ч олон улсад бий. Манайд ч энэ байдал ажиглагдаж байдгийг дээр дурьдсан. Тухайлбал, Нийгмийн нэг бүлгийг төлөөлж эдийн засгийн орчинд оролцож буй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлээс  дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн этгээдийн ил тод байдал хангагдсанаар олон улсын байгууллагаас санхүүжилт авах боломж бий болно гэх мэт олон сайн үр дагавар гарч ирсээр байдаг байна. 

Солонгос улс бизнесийн орчиндоо эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэхийн тулд маш олон хууль дүрэмдээ зохицуулалт хийж байна. Ингэснээр ердөө арван жилийн дотор эмэгтэй бизнес эрхлэгч бараг 34 хувиар нэмэгдсэн гэнэ. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлээрээ алдартай Филиппин улсад өнөөдөр нийт ЖДҮ эрхлэгчдийнх нь 88 хувийг нь эмэгтэйчүүд толгойлж байна.

Дээрх улсуудын хуулийн зорилго нь эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг дэмжих, эмэгтэйчүүд бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнесийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагааг хөнгөвчилж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд ихээхэн чиглэж байгаа юм.



Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсийн ялгавартай бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилт, бизнес эрхлэх таатай орчин бүрүүлэх, мэргэшүүлэн сургах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч байгаа нь харагдаж байна.


Нэг талаасаа бизнесийн орчинд хамгийн идэвхитэй, хамгийн тогтвортой сайн үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдээ тусгайлан дэмжих асуудлыг хүйсийн ялгаатай хандаж байгаа хэлбэр гэхээсээ илүү эдийн засгийг дэмжиж байгаа явдал ч гэж ойлгож болох. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, ажилтнуудаа тогтвортой ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй асуудалд эмэгтэй захирлууд түлхүү оролцдог. Тэгэхээр тэд нийгмийн тодорхой бүлгийг хамгаалах үүрэг хүлээх хариуцлагатай байж чаддаг бас нэгэн давуу талтай гэсэн үг. Нэг ёсондоо эмэгтэй бизнес эрхлэгчид нэмэгдсэнээр эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүй иргэд, үндэсний цөөнхөд ажил олгогч нэмэгдэх нийгмийн сайн нөлөө нь ч их бий. Мөн энэ нь шинээр ажлын байр бий болж байгаа хэрэг. Энэ мэтээр аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд улс орны эдийн засгийн өсөлт болоод ажил эрхлэлтийн байдалд өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлж чаддаг онцгойлохоос аргагүй бизнесийн чадварлаг бүлэг. Тийм ч учраас тэдэнд анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг энд хэлж байгаа билээ.

 

Холбоотой мэдээ