Ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-30 08:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах” төслийг нээлээ.


Энэ үеэр төсөлд оролцогч өрхүүдэд дарш бэлтгэх сав, үр тариа бутлагч төхөөрөмж гардуулсан юм. Төслийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “ХХААХҮЯ богино хугацаандаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх бүтээмжийг нэмэх, эрчимжсэн мал аж ахуй үйлдвэрлэгчдийн тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд аймгуудад хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж олгох, тэжээлийн үйлдвэрийг хөгжүүлэх, тэжээлийн түүхий эдийн нөөц бүрдүүлэлтийг гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа”-г дурдсан юм.


Төсөл хэрэгжүүлэх хугацаанд тэжээлийн ургамлын сайн чанарын үрээр хангах, багсармал тэжээл үйлдвэрлэхэд шаардлагатай тэжээл хэрчигч, нунтаглагч зэрэг техник хэрэгслээр ханган өрхийн түвшинд ферментжүүлсэн багсармал тэжээл бэлтгэх, тэжээлийн чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлэх аж. Ингэснээр мал сүргийн чанарыг сайжруулах, байгаль цаг уурын эрсдэлээс урьдчилан сэргийлж, малчдын орлогыг нэмэхэд хувь нэмэр оруулна гэж ХХААХҮЯ мэдээлэв.



Төслийн нээлтэд БНСУ-ын “КОПИА Монгол төвийн захирал, Чой Ман Ёон, мэргэжилтэн Со Сонг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат, Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл нарын албаныхан оролцож, төсөлд хамрагдсан малчидтай уулзжээ

Холбоотой мэдээ