ЗАВХАН: Энэ хичээлийн жилд багш нарын ажиллах орчныг сайжруулж, тэднийг хөгжүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-31 19:49:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг 2022-2023 оны хичээлийн жилийн багш нарын бага хурлаа зохион байгуулж, энэ хичээлийн жилийг “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил” уриалга, зорилготойгоор эхлүүлж байна.


Бага хуралд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, тусгай мэргэжлийн сургуулиудын 250 гаруй төлөөлөл ахмад багш нар болон аймгийн удирдлагууд оролцлоо.


Аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал 2021-2022 оны хичээлийн жилд хийсэн үйл ажиллагааны мэдээлэл, цаашид хийх ажлын чиглэлийг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Эрүүл боловсролтой монгол иргэн бэлтгэх зорилт энэ эрин үед тулгарч байна. Зорилтыг ханган ажиллахад боловсролын удирдах ажилтнууд аж ахуйн ажлаас татгалзан хүүхдийг эрүүл байлгах. Сурлагын амжилт чанарыг сайжруулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад анхааран ажиллах шаардлагатай байна. Энэ жил Завхан аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээ зургаан шатаар ахиулсан байна. Энэ бол хамтын амжилт юм”. Харин энэ хичээлийн жилд ЭЕШ-ын үнэлгээгээр хойноосоо биш урдаасаа тоолуулахыг уриалж байна гэв.


Мөн боловсролын салбараас ажлын гараагаа эхэлсэн тэрээр боловсролын салбарт хийж байгаа үйл ажиллагаа бүрт анхаарал хандуулж, захирамжийнхаа 10 хувийг, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн 40 хувийг зарцуулан ажиллаж байгаагаа дуулгав.


Боловсролын салбарын хамтын ажиллагаа сайжирснаар, багш сурган хүмүүжүүлэгчдийн санаачилга хамтын ажиллагааны дүнд сурлагын амжилт сайжирна. Аймгаас энэ хичээлийн жилд багш нарыг ажлын байрандаа удаан хугацаагаар, тав тухтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж, багшийн хөгжлийн төвийг байгуулах эхлэлийг тавин ажиллаж байна. Энэ ажлыг 2024 онд дуусгана. Энэ хичээлийн жилд дотуур байр цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эдлэл, цагаан хэрэгслийг солих ажлыг эхлүүлнэ. Энэ тал дээр та бүхэн санаачилгатай ажиллаарай гэж бага хурлын үеэр хэлэв. Түүнчлэн хүүхэд хамгааллын талаар хийж гүйцэтгэж байгаа ажил хангалттай биш байгаад анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг ч сануулав.


Ахмад багш нар бүлэг байгуулж хамтран ажиллана

Энэ хичээлийн жилийн бага хурлын хүндэт зочид болох ахмад багш нарын үг, санал боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал гарц болно.


Тухайлбал, Монгол Улсын Гавьяат багш С.Цэрэндулам: “Багш нар зөв хандлагатай, зөв яриа хэллэгтэй байх нь шавиа үлгэрлэхийн нэг жишээ юм. Иймээс үг бүрийн цаад утга агуулгыг сайтар мэддэг байх хэрэгтэй бөгөөд үгийн сонголтоос ажлаа эхлээрэй”. Хүүхэд бүртэй тулж ажиллаж тэдний онцлог бүрт нь тохируулан сургалтын арга барилаа өөрчлөхийг ахмад багш уриалав.


Харин гавьяат багш Д.Одгэрэл багш мэргэжил бол хамгийн гэгээлэг хамгийн сайхан мэргэжил болохыг онцлоод орчин цагийн багш хүүхдээ судалж, тэдний хөгжлийг дэмжин тэдэнтэй хөл нийлүүлэн ажиллах хэрэгтэй. Багш хүн ахмадуудаас суралцаж хүн бүрээс үг сонсож сурах хэрэгтэйг зөвлөлөө. Монгол Улсын зөвлөх багш нар энэ хичээлийн жилд бүлэг байгуулан хамтран ажиллах талаараа бага хуралд оролцогчдод танилцуулж уриалга гаргаснаа ч дуулгав.


Завханд 1350 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

Завханы боловсролын салбарт өнгөрч буй хичээлийн жилд багагүй хөрөнгө оруулалт хийсэн.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 29 сургуульд хөгжмийн танхимын 1015,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгожээ. Мөн 14 цэцэрлэгт 147.350 сая төгрөгийн тоног төхөөрөмж хөгжмийн зэмсгийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал бага хурлын үеэр гардуулан өглөө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу аймгийн  24 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад Их эзэн Чингис хааны хөрөг зургийг гардуулан өгсөн. 2022-2023 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 29 ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн дөрвөн сургуульд 15360 суралцагч суралцана. Энэ жил нэгдүгээр ангид аймгийн хэмжээнд 1350 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлжээ. Харин сургуулийн өмнөх боловсрол олгох төрийн өмчийн 38, хувийн дөрвөн цэцэрлэгт 5100 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна гэж аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээлэв.



 

Холбоотой мэдээ