Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтсан аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-09-12 11:46:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Аялал жуулчлалын өдрийг угтан тус салбарыг сурталчлах аян өнөөдрөөс эхэлж байна. Жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэдэг. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага энэ жилийн өдрийг “Аялал жуулчлалыг шинээр эргэн төлөвлөж бодох нь” урианд дор явуулж байна. Тус байгууллагаас ковидын цар тахлын байдал, дэлхийн хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг тооцож үзээд дээрх уриаг дэвшүүлжээ. Монгол Улс НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын гишүүн орны хувьд олон улсын тус байгууллагын уриалгыг дэмжин оролцож байна. Манай улс энэ өдрийг угтан 9 дүгээр сарын 27 хүртэл аялал жуулчлалын салбарыг сурталчлах аяныг улсын хэмжээнд эхэлж буйг БОАЖЯ-наас мэдэгдлээ.

Тус яамнаас өдөр бүр төр болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжийн оролцоог хангасан аянг зохион байгуулж байна. Аянаар агаарын тээвэр, зочид буудал, жуулчны баазуудын нөхцөл байдал, үндэсний хоол, зочлох үйлчилгээ, бүтээгдэхийг танилцуулах аж.


Манай улсад энэ зун гадаадын 168 мянга орчим жуулчин ирсний ихэнх хувийг ОХУ-ын аялагч, жуулчид эзэлжээ.

Дэлхийн аялал жуулчлалын өдөртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-наас 2022 онд аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлд баримтлан ажилласан бодлого шийдвэрийг цувралаар хүргэж ирэв.

Засгийн газрын энэ оны 66 дугаар тогтоолоор коронавируст халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалж, олон улсад хилээ нээсэн нь гадаадын жуулчид Монгол оронд аялах сонголт, боломжийг бий болгосон юм.

Гадаад улс орнуудад цар тахлын халдвар, тархалт буугаагүй байсан боловч Монгол Улсын хувьд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гадаадын жуулчид хүлээн авах болсон дээрх шийдвэр нь аялал жуулчлалтай шууд болон шууд бусаар хамаарах олон салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа явуулах, бизнес худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ