СЭЛЭНГЭ:Орхонтуул суманд эртний түүх соёлтой холбоотой 600 гаруй булш байдаг

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-09-13 21:20:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан багийнхан Орхонтуул сумын Нөөлөгт Сяньбигийн үеийн булшийг судалж байна. Түүхэн чухал малтлага, судалгаа хийж буйтай УИХ-ын гишүүн Ч.Ундрам орон нутагт ажиллах үеэрээ биечлэн танилцлаа.


Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны нутаг дахь Нөөлөгт хэмээх газарт Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн үеийг нотлох дөрвөлжин булшны түүх соёлтой холбоотой 600 гаруй булш байдаг байна.  


Эл булш нь монголын түүхийн маш чухал үеийг харуулсан түүхэн дурсгалт газар хэмээн судалгааны багийнхан хэлж байна. Тус судалгааны баг энэ жил 14 хоног орчим ажиллах аж. Ингэхдээ 5-6 булшинд малтлагын ажил хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эднийх өнгөрсөн жил яг энэ газарт 7 хоног өдөр, шөнөгүй малтлага хийхдээ гурван булш гаргаж авчээ.


Өмнөх жилийн малтлагаас номын наалт, сумын зэв, үйсэн эдлэлүүд. Мөн ваар сав, ясан халбага, тухайн үед тахил өргөж байсан амьтны яс зэрэг гарсан байна. Энэ жилийн малтлагын эхнийх нь хүүхдийн оршуулга байсан аж.


Бусад малтсан хэсгийг онцлоход хус модоор хийсэн авсаны ёроолын хэсэг цайрсан байдалтайгаар харагдаж байсан гэв. Авсаны модон таг үйрсэн байдлаас үзэхэд ойролцоогоор 2300-гаад жилийн өмнөх булш байж магадгүй хэмээн судалгааны багийнхан тайлбарлав. Багийнхан эндээс арав орчим булш малтаж авчээ. Малтлагын явцыг ажиглахад тухайн оршуулгууд нь ихэнхдээ тухайн цаг үедээ тоногдсон байдалтай байдаг хэмээн тэд ярилаа.


Ер нь малтлагын ажлыг тухайн нутагт байгаа нийт булшны арав гаруй хувьд хүргэж ажилласны дараа нарийвчилсан генетик судалгааны ажилдаа орж, он цагийн нарийвчилсан дээж, судалгааны материалууд гаргадаг гэв. Ямартай ч Орхонтуул сумын Рашаант тосгоны Нөөлөгт ойролцоогоор 2000-2300-гаад жилийн тэртээ Хүннүчүүд амьдарч байсныг нотлох 600-гаад булш байна.


Түүхийн энэхүү маш чухал үеийг харуулсан археологийн судалгааны үр дүнд тухайн бүс нутагт аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломж нээгдэнэ хэмээн орон нутгийн удирдлагууд, ард иргэд, олон нийт үзэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ