Хонконгт энэ сард агаарын температур хоёр удаа дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-14 16:10:36

ХОНКОНГ. /AFP/. Энэ жил түүхэн дэх хамгийн халуун зуны улирлуудын нэг болж өнгөрсөн Хонконгт есдүгээр сард агаарын температурын дээд үзүүлэлт долоо гаруй хоногийн хугацаанд хоёр удаа шинэчлэгдсэн талаар тус хотын Цаг агаарын ажиглалтын газраас мягмар гарагт мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээллээр, Хонконгт мягмар гаргийн үдэд цельсийн 35.4 хэмд хүрч халсан байна. Энэ нь цаг агаарын мэдээллийг 1884 оноос эмхэтгэн хөтөлж эхэлснээс хойших есдүгээр сарын температурын дээд үзүүлэлтийг дахин эвдсэн явдал болжээ.


Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт цельсийн 35.3 хэмд хүрч халсан нь 1963 онд бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байсан юм.


“Эх газрын агаарын хуурайшилтын улмаас энэ долоо хоногоос ирэх долоо хоногийн эхэн үе хүртэл нарлаг, халуун байх төлөвтэй байна” гэж Цаг уурын ажиглалтын газраас мөн мэдээлсэн байна.


Өнгөрсөн сард Хятадын өмнөд хэсэгт сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэнтэй харьцуулахад хамгийн удаан хугацаагаар хэт халж, улмаар эрчим хүчний хангамж тасалдан, ган гачиг нүүрлэсэн нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад сөргөөр нөлөөлжээ. 


Б.Сарангоо

Холбоотой мэдээ