ОРХОН: Нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-16 15:40:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчийн урсгалд тулгуурлан 18 багийн нутаг дэвсгэрийг хамарч зургаан чиглэлд дунд оврын 34 автобус үйлчилж байна.

Энэ нь Тод од транс, ББ-ОД ХХК-ийн автобуснууд бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, сурагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэхэд нөхөн олговор гэж жилд 1,2 тэрбум төгрөгийг орон нутгаас олгож байна.

Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлж буй компанийн гүйцэтгэлийг үнэлэн сард 100 сая төгрөгийг олгодог байна.

Мөн Баян-Өндөр сумын хэмжээнд хүүхдийн долоон автобус 1-5 дугаар ангийн сурагчдад, ахмадын нэг автобус үйлчилж байна. Ахмадын болон хүүхдийн автобусны зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд энэ онд хүүхдийн автобусны зардалд  252,2 сая, ахмадын автобус хөтөлбөрт 104,6 сая, Жаргалант сумын хүүхдийн автобус хөтөлбөрт 30,1 сая төгрөг зарцуулсан байна. 

Ийнхүү орон нутгаас нийтийн тээвэрт нөхөн олговор олгож байгаа ч энэ нь яг иргэдэд чиглэсэн үйлчилгээ болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Цахим болсноор зорчигч урсгалыг тооцоолох, хөнгөлөлттэй үйлчилгээ авч буй иргэдийн бодит тоон мэдээлэл гарах зэрэг олон асуудал шийдэгдэнэ. 

Холбоотой мэдээ