“Номын баяр” гурван өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-09-17 11:35:38

Увс /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” үйл ажиллагаа энэ сарын 16-18-ны өдөр Увс аймагт өргөн дэлгэр болж байна.


Аймгийн Төв номын сангаас аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны нээлтэд 500 гаруй хүүхэд багачууд, идэвхтэн уншигчид, орон нутгийн зохиолч, яруу найрагчид оролцсон юм. Мөн аймгийн Засаг дарга Ч.Чимэд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбаяр, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Болормаа, Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Д.Цэвээнчимэд, Төв номын сангийн захирал Б.Батхүү нарын албаны хүмүүс оролцож, номтой нөхөрлөхийн ач тус, давуу талын талаар хүүхэд залуучууд болон ард иргэдэд хандан үг хэллээ.

Номын баярын нээлтийн үеэр үлгэрийн болон зохиолын баатруудын жагсаал, дүрийн тоглолт, “Цахим хэрэглээг цагийн хязгаартай хэрэглэе” этюд үзүүлбэр, тэргүүний уншигчдад “Номын сайн нөхөр”, “Нацагдорж” тэмдэг гардуулах, аймгийн Төв номын санд хадгалагдаж буй шашны ном судраар хийдийн лам нараар “Алтангэрэл” судар хууруулах, “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, хувийн номын сантай албан байгууллага, айл өрхийг шалгаруулах, номын азтаны сугалаа татуулах зэрэг үйл ажиллагаа боллоо.

Тэрчлэн аймгийн Төв номын сангийн дарга Б.Батхүүгийн санаачилгаар СГЗ Б.Норовын шүлэг, аймгийн “Ойрад” ХЖТ-ын дуучин М.Батцэндийн аялгуугаар “Номын санчийн дуу” хэмээх шинэхэн дуу төрснийг СТА М.Батцэнд өөрөө дуулан түмэн олны сонорт хүргэлээ.

Аймгийн Төв номын сангаас 32 дахь удаагийн номын баярыг угтан ном шимтэн уншдаг уншигчдынхаа дунд дөрвөн төрлийн уралдаан зохион байгуулсан бөгөөд нээлт дээр шагналыг нь гардууллаа.

Үүнээс гадна аймгийн Төв номын сангаас Гиваан баатрын талбай дээрх автобусны зогсоол дээр соёлын орон зайг бий болгох, ард иргэдэд номын сангийн үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор “Та авч, өгч болно” уриатай мини номын санг байгуулжээ. Иргэд гэртээ байгаа илүү номоо тус номын санд аваачиж хийж болохоос гадна хэрэгтэй номоо авах, автобус хүлээнгээ ном унших, Цэдэнбалын болон Гиваан баатрын талбай дээр амрангаа номтой нөхөрлөх боломжтой байна. Уг мини номын сангаар өргөнөөр үйлчлүүлэхийг Төв номын сангаас уриалсан бөгөөд цаашдаа аймгийн төвийн бүх автобусны буудлыг мини номын сантай болгох зорилго тавьжээ.

Энэ удаагийн номын баярт аймгийн төвийн ЕБС-иудын болон зарим сумдын номын санчид идэвхтэй оролцож байснаас гадна хамрагдах хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн байлаа.

Номын баяр аймгийн Төв номын санд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.  



Холбоотой мэдээ