БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотын цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-19 15:05:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийн шав тавих төслийн нээлт өнөөдөр боллоо.   


Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү нарын албаны хүмүүс оролцов.


Уг бүтээн байгуулалтын ажлыг Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр барих аж. Цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ба ирж байгаа бохир усны 95 хувийг цэвэрлэх чадвартай.  

"Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр энэ зун Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Сүмбэр зэрэг дөрвөн аймгийн төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэсэн. Холбогдох бэлтгэл ажлаа хангаад, зургаа зураад, холбогдох зөвшөөрлүүдээ аваад өнөөдөр ийнхүү барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болж байна. Хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гэдэг нь аймгийн төв дээр байгаа бүх барилга байгууламжийн усыг цэвэрлэж, цаана 20 хувийн нөөцтэй байна гэсэн үг" гэдгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээлтийн ажиллагааны үеэр онцлов.   

Цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих ажлыг Польш Улсын компани гүйцэтгэх бөгөөд 2 жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах ажээ. 


Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймгийн ашиглаж байгаа цэвэрлэх байгууламж нь 1986 онд ашиглалтад орсон бөгөөд өдөрт 2700 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтайгаар ОХУ-ын технологиор барьжээ. Одоо хуучирсан цэвэрлэх байгууламж өөрийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болж, бетон эд нь хэврэгшжээ. Мөн лагийг бүрэн цэвэршүүлэх боломжгүй болж, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсээд байгаа юм. 

Холбоотой мэдээ