ДОРНОД: Үхрийн арьс товруутах өвчний дэгдэлт намжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-20 09:28:54

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчний гаралт, эрчимжилт намжиж байна гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар зургаан сумын 11 багийн 176 өрхийн 1084 үхэр өвчилснийг устгалд бүрэн оруулсан байна. Голомтын бүс буюу Матад сумын тавдугаар баг, Баянтүмэн сумын хоёр, гуравдугаар баг, Халх гол сумын нэг, хоёр, гуравдугаар баг, Баяндун сумын гуравдугаар баг, Дашбалбар сумын нэгдүгээр баг, Булган сумын дөрөвдүгээр багийн нутагт хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж байгаа юм.  

Сэжигтэй бүсэд 22 хяналтын пост ажиллуулж, өвчний нууц үе 28 хоног байдаг учраас долоо хоног тутамд үзлэг тандалт хийж байна. 

Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд үхрийн арьс товруутах өвчний улмаас 2400 үхэр устгаж, 3,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоог гаргасан байдаг ч малчдын дансанд нөхөн олговор нь орж ирээгүй байгаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 1077 үхрийн нөхөн олговрыг ирэх оны улсын төсөвт тусгана гэж Мал эмнэлгийн Ерөнхий газраас мэдэгджээ. Ийнхүү нөхөн олговор хойшилж байгаа учраас малчид малаа устгуулахгүй гэж эсэргүүцэх, өвчилсөн малаа нуух, эм тариа хэрэглэж ил шарх сорвийг арилгах зэрэг хүндрэлүүд гарч байна. Өвчилсөн үхрээ нуун дарагдуулсан есөн иргэн, нэг ААН-д торгуулийн арга хэмжээ тооцжээ. 

Холбоотой мэдээ