СЭЛЭНГЭ: Цэвэр цусны нохой хил хамгаалалтад нэн чухал үүргийг гүйцэтгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-21 11:30:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Хилчин” албаны нохойн үржлийн газраас ХХЕГ-т цэвэр цусны герман хоньч үүлдрийн гурван немц овчарка бэлэглэсэн байна. Эдгээр нохойнууд нь хил хамгаалалтад ашиглахад нэн тохиромжтой оюуны чадамж сайтай, цэвэр цусны гөлөгнүүд аж. Дээрх гөлөгнүүдийг удмын сангийн гэрчилгээний хамт хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын албаны нохойн сургалтын төвд хүлээлгэн өгчээ.

 

Мөн энэ үеэр хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Хилчин” нохойн үржлийн газраас хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын албаны нохойн сургалтын төвтэй танилцаж, туршлага солилцсон байна. Энэхүү ажлын хүрээнд хилийн анги, тусгай салбараас хүрэлцэн ирсэн офицеруудад насан туршийн үржилд орох эрхтэй Субару дуудлагатай эр нохой, Херри дуудлагатай эм нохой, 2021 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байрын шагналт Анита дуудлагатай эм нохой, аварга цомын эзэн Декс дуудлагатай эр нохдыг танилцуулж, мэдээлэл хүргэсэн байна.

 

Мөн хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын зүгээс “цагаан алт” хэмээгддэг өөрийн үржлийн немц овчаркны гөлгийг ХЦ-ийн 0101-р ангид бэлэг болгон барьжээ.

 

Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь “Хилчин” албаны нохойн үржлийн газрыг Герман улсын нохойн удмын санд бүртгэлтэй цэвэр цусны үүлдрийн найман немц овчарктайгаар жилийн өмнө эхлүүлж байсан юм. Тэгвэл тус нохой үржлийн газар цэвэр цусны нохдоор удмын сандаа баяжилт хийж, үржлийн чанараа сайжруулснаар 20 гаруй нохойг үржил болон хилийн албанд ашиглаж байгаа ажээ.

 

Ташрамд дурдахад, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Хилчин” нохой үржлийн газар нь хилийн цэргийн анги, тусгай салбаруудад үүрэг гүйцэтгэх өндөр чадамж бүхий цэвэр цусны немц овчарка нохдоор хангах бүрэн боломжтой аж.

 

Холбоотой мэдээ