Их Британид хатан хааны оршуулгын ёслолыг 28 сая хүн телевизээр үзжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-09-21 12:00:58

ЛОНДОН. /BBC/. Даваа гарагт Их Британийн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолыг 28 сая хүн телевизээр үзсэнээр тус улсын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй арга хэмжээнүүдийн нэг болжээ.


Энэхүү ёслолыг Их Британийн 50 гаруй телевизийн сувгаар шууд дамжуулсан юм. Үзэгчдийн тоо хатан хааны шарилыг Вестминстерийн сүмээс гарган олон нийтийн дундуур авч явах үеэр буюу 12:25 цагийн үед хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.


Тухайн цаг мөчид “BBC One” сувгийг ойролцоогоор 20 сая хүн үзэж байсан бол “ITV”-гийн үзэгчдийн тоо 5.3 саяд хүрсэн байна.


Гэхдээ “BBC iPlayer”, “ITV Player” зэрэг стриминг үйлчилгээгээр үзсэн үзэгчдийн тоо, мөн гадаа талбайд том дэлгэцээр, кинотеатр, сүмд үзсэн хүмүүсийг дээрх үзүүлэлтэд хамруулаагүй байна.


Вестминстерийн сүмд 11:00-12:00 цагийн хооронд болсон ёслолыг бүх сувгаар дунджаар 26.2 сая үзэгч дамжуулан үзсэнээс “BBC” сувгийг 18.5 сая хүн үзжээ.


Харин 1997 онд гүнж Дианагийн оршуулгын ёслолыг 32 сая гаруй хүн телевизээр үзэж байсан бол 1966 оны хөл бөмбөгийн ДАШТ-д Английн шигшээ баг аваргалсан тоглолтыг түүнтэй ойролцоо тооны үзэгч үзэж байжээ.


Мөн 2020 оны тавдугаар сарын 10-нд Ерөнхий сайд асан Борис Жонсон “COVID-19”-ийн халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан хөл хориог сулруулах төлөвлөгөөний талаар танилцуулсан мэдэгдлийг 27.7 сая орчим хүн үзсэн байна.


Ташрамд дурдахад, “Лондон-2012” олимпын нээлт, хаалтын ёслол тус бүрийг ойролцоогоор 24.5 сая үзэгч үзэж байсан билээ. 

Холбоотой мэдээ