ХОВД: Дулааны станц энэ өвөл 27 мянган тонн нүүрс зарцуулна

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-22 16:06:01

Ховд /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн удирдлагууд энэ сарын 21-ний өдөр Ховд дулааны станц ТӨХК-д ажиллалаа. 


Тус станц нь 2022-2023 оны халаалтын жилд хэрэглэгчийн тоо өмнөх жилээс 439 өрх, 4 үйлчилгээний төв, 3 төсөвт байгууллагаар нэмэгдэнэ гэх тооцоо гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, 25.4 гкал/цаг ачаалалтай хэрэглэгчийг 24 мянган тонн нүүрс зарцуулж, 62 мянган гкал дулаан үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Гэвч хэрэглэгчээс хамааран ачаалал 2 гкал/цагаар нэмэгдэж байгаа нь өвлийн ид хүйтэнд доголдол үүсэж болзошгүй.  


Иймээс оргил ачааллын үед хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах үүднээс одоо байгаа зуухны ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлэх анхдагч агаар халаагч шинээр суурилуулах төсвийг шийдвэрлэлээ.


Мөн тус станцаас гарч буй утаа, тортог шүүх фильтерийг тохируулж айл өрхийн болон агаар орчны бохирдлыг багасгах хугацаатай үүрэг өгчээ.


Ховд дулааны станц ТӨХК нь энэ өвөл 27 мянган тонн нүүрс зарцуулах төлөвлөгөөтэй. Одоогоор 800 тонн нүүрс буюу 16 хоногийн нөөцтэй байна. Энэ сард багтан хуваарийн дагуу нүүрсээ татан авч, нөөцөө нэмэгдүүлэхийг орон нутгийн холбогдох удирдлагууд зөвлөлөө.  

Холбоотой мэдээ