ДАРХАН-УУЛ: Номын баярт хүрэлцэн ирж буй иргэдийн дийлэнх нь залуучууд байна

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-24 18:52:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Номын баяр Сүх жанжны талбайд л болдог, бид их хүрээ тийш хүлгийн жолоо залж хүнлэг байхын утга учрыг үгийн урнаар шингээх гэж зорин очдог байлаа. Хоцорсон, эсхүл бусад шалтгаанаас үүдэн очиж амжаагүй нэгэн дараа жилийн намрын холыг бодон санааширч, учралт нэгэнтэйгээ уулзаагүй юм шиг санаа алдан суух үе олонтаа. Хүн хүнээр дутдаг гэдэг шиг хүмүүний тархи цэнэгээр дутдаг. Тэрхүү цэнэг нь ертөнцийг тольдохуйн гайхамшиг ном юмсанж.


“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн, Үндэсний номын баярыг санаачлагч Б.Сувд гэх хурдан, түргэн хөдөлгөөнтэй, нүүрэндээ мишээл тодруулсан, үг бүр нь инээмсэглэлээс урган гардаг оюун ухаант хүмүүний төлөө өөрийгөө бүрэн дайчилж, тархины түгжээг нь мулталж, тал нутаг шигээ сэтгэхэд та бидний төлөө зүтгэж яваа эгэл даруухан бүсгүйд талархах хүн олон бизээ. Учир нь үндэсний номын баярыг 16 жил зохион байгуулж, зохиолч уншигчдыг уулзуулан, ном хэмээх аугаа бүтээлийн өнгө, дүрс, дизайны гайхамшгийг урлагч хэвлэлийн компаниуд гээд бүгдийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаджээ.


Чухамдаа Сүх жанжны талбайд болдог тэрхүү номын баяр найрамдлын Дархан хотод болж байгаад хамгийн том утга учир оршиж байна. Анх удаа үндэсний номын баярын хүрээнд их зохиолчид, хэвлэн нийтлэгчид, сод бүтээлээ дэлгэж Дархан хотод саатан мориллоо.


УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг үндэсний номын баяр Дархан-Уул аймагт ес дэх өдрөө үргэлжилж байна. Аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Төв номын сангийн санаачилга, Дархан-Ус суваг ХК-ийн дэмжлэгтэйгээр 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй номын баяр, номын худалдаа Залуучууд театрт өнөөдөр нээлтээ хийлээ.


Хоёр өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн үйл ажиллагаа нь зөвхөн номын худалдаа болоод өнгөрөх бус зохиолч, уншигчдын уулзалт,  илтгэл лекцүүд болох аж. Түүнчлэн Улаанбаатар, Дархан хотын зохиолч, яруу найрагчдын хамтарсан уулзалтыг ч зохион байгуулахаар төлөвлөжээ.


Түм түжигнэж бум бужигнасан номын баярт “Цагаан бороо” “Байтаг богдын нүргээн” номын эзэн, зохиолч Б.Номинчимэд, ярих урлагт суралцахуйн тухай өгүүлэх өөрийн ном, CD-г Дарханчуудын хүртээл болгохоор МУГЖ Б.Чаминчулуун, хүүхдийн зохиолч П.Наранбаатар, Ч.Наранцэцэг, Э.Амарзаяа, аялагч Амай, судлаач лам М.Ууганбаяр, орчуулагч Д.Болдбаатар, зохиолч Ш.Солонго, С.Батжаргал, Б.Хулан, “Альфа”, “Непко”, “Daybook” “Анар” зэрэг номын дэлгүүр, Соёмбо принтинг, Нахим хүүхдийн номын редакц зэрэг 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож байна.


Номыг зөвхөн ахмад үеийнхэн л уншдаг, худалдан авалт хийдэг гэх бодол ард үлдсэн. Нийслэлд ч тэр Дарханд ч тэр номын баяр, номын худалдаанд хүрэлцэн ирж буй иргэдийн дийлэнх нь залуучууд болсон байна. Эрдэм, мэдлэгийг тэргүүнд тавьж оюуны хөрөнгө оруулалт хийхээр хүүхдүүдтэйгээ хөтлөлцөн ирж буй эцэг, эх номын баярын эхний өдөр олон байлаа. 

Холбоотой мэдээ