УБТЗ: Цементийг 3 өртөөнөөс ачин 2 өртөөнд буулгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-09-26 09:08:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цементийн тээвэрлэлтэд төмөр замаас шалтгаалсан зүйл байхгүй хэвийн хийгдэж байгааг УБТЗ ХНН-ээс мэдэгдэж байна. Цементийг УБТЗ-ын Өргөн болон Улаан-Овоот, Хөтөл гэсэн гурван өртөөнөөс ачин Улаанбаатар болон Толгойт гэсэн хоёр өртөөнд буулган тээвэрлэж байна.


Цементийн үйлдвэрүүд ачилтын захиалгыг өдөр бүр өгснөөр УБТЗ тэр дагуу, цаг тухайд нь вагоноор хангаж, хоосорсон вагонуудыг 24 цагийн дотор татаж авч буйг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан, замын орлогч дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Мөн хүлээн авах терминалыг өргөтгөн нэмэх зэргээр цементийн тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах талаар ажиллаж байна гэв. Тиймээс төмөр замын тээвэрлэлтээс хамааран цементийн үнэ нэмэгдэж буй нөхцөл байдал үүсээгүйг мэдэгдлээ.


Харин цементийн үйлдвэрүүдэд ачилт хийх  уут шуудай хүрэлцэхгүй байх, сэлгэн ачих салбар зам болон тоног төхөөрөмж бэлэн бус байх, хүлээн авах талбайг өргөтгөх зэрэг нийлүүлэгчдээс хамаарсан нөхцөл байдал үүсч буйг мэдээллээ.


Тяньжин дэх чингэлэгт ачаа хэвийн хэмжээнд байна

БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй чингэлэгт ачааг татах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мөн УБТЗ ХНН-ээс мэдээлж байна. Тухайн боомтод хуримтлагдаад байсан 9-10 мянган чингэлэгт ачааг ГХЯ, ЗТХЯ-наас өгсөн үүргийн дагуу хамтран ажиллаж бүрэн татан авсныг мэдээллээ.


Тяньжин боомтод хоногт Монгол Улс руу чиглэсэн импортын 3 мянган ачаа бууж нэмэгдсээр байдаг. Үүнийг цаг тухайд нь шуурхай татан авах үйл ажиллагаа үргэлжилж, тус боомт дахь ачаа 1200-1400 чингэлэгт хүрч хэвийн хэмжээнд байгаа аж. Энэ тал дээр манай улсын ГХЯ болон БНХАУ-ын төмөр замын байгууллага УБТЗ-ын тээвэрлэлтийг дэмжин хамтран зохион байгуулж ажилласны дүнд чингэлэгт ачаа хэвийн хэмжээнд очжээ.


Чингэлгээр орж буй буй тээврийн 40 хувийг төмөр замаар, 60-70 хувийг автомашинаар тээвэрлэн гүйцэтгэж байна. Автомашинаар хийж буй чингэлгийн тээвэр хуримтлагдах байдал үүний өмнө гарч байв. 

Холбоотой мэдээ