ДУНДГОВЬ:Улсын тэргүүний ахмадын хорооны туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-04 13:04:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн болон 12 сумын Ахмадын хорооны дарга, тэргүүлэгчид Өндөршил суманд ажиллаж, Улсын тэргүүний Ахмадын хорооны туршлага судлав.


Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар Өндөршил сумын Ахмадын хороо 2021 оны ажлаараа тэргүүлж, "Улсын тэргүүний" хамт олон болсон.


Туршлага судлах уулзалтын үеэр нөхөрсөг уулзалт, ярилцлага, ахмадуудын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, баярын хурал, "Алтан хэлхээ" гурван үеийн хүндэтгэлийн тоглолт, цэнгүүн, эрүүл мэндийн сургалт зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулжээ.  


Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн туршлага судлах үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа талаар аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугираас тодруулахад “Өндөршил сумын Ахмадын хороо үнэхээр маш сайн ажилладаг. Туршлагыг нь судлахаар 12 сумын төлөөлөл энд ирээд байна. Сумынхаа бүх байгууллагатай маш сайн хамтарч, ахмадуудынхаа хэрэгцээг мэдэрч, хариуцлагатай, идэвхтэй байнгын ажиллагаатай ажилладаг нь амжилтынх нь үндэс юм байна гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл сумын байгууллагууд нэгдэж, ахмадуудынхаа төлөө нэг баг хамт олон болж, Ахмадын байгууллагаа маш сайн дэмжиж ажиллаж чаддаг юм байна. Бид сумын ЗДТГ-тай уулзлаа. Тус байгууллага Хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд сумынхаа 70-аас дээш насны ахмадуудыг хавдрын эсрэг хамтдаа үзлэг оношилгоонд хамруулж, Ахмадын хорооны байр танхимын халаалтыг шийдвэрлэж, зардлыг хариуцан “Өв соёлын өлгий нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр ахмадуудын үйлдвэр үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг маш сайн дэмжиж байна.

Сумын ЭМТ ахмадуудыг хавдрын эсрэг хамтдаа үзлэг оношилгоонд хамруулсан, эмийн зохистой хэрэглэгээний талаар болон эмгүй эмчилгээний талаар тогтмол сургалт хийдэг, ахмадуудаа хэвтүүлж эмчлэх өрөөтэй, ахмадын эмчтэй байна.

Сумын Ахмадын хороо ахмадынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Ахмадын танхим” байгуулсан байна. Энэ мэтчилэн бүх байгууллага нь ахмадын байгууллагаа дэмжиж, тэдний төлөө чин сэтгэлээсээ, сайн хамтарч ажиллаж байна. Бид сумын Орон нутгийг судлах музей үзлээ, цэрэрлэг, сургуулиар орлоо, нөхөрсөг тэмцээн, үзэсгэлэн худалдаа, цэнгүүн, баярын хурал гээд маш олон үйл ажиллагаанд оролцож, энэ цаг хугацааг их үр бүтээлтэй өнгөрүүлж байна.” гэлээ.

Уулзалтын үеэр сумын Ахмадын хорооноос “Өв соёлын өлгий нутгийн ахмадууд-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, давхардсан тоогоор 127 ахмадын 94 төрлийн 413 бүтээл оролцжээ. Түүнээс 19 бүтээлийг шалгаруулан, шагнаж урамшуулсан аж.

Сумын Засаг дарга У.Алтанхүү энэ үеэр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Энхтүвшинд арьс элдэх машин бэлэглэлээ.


Монголын Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын хуралд сумын Засаг дарга У.Алтанхүү, аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир, тэргүүлэгчид оролцож, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан 33 ахмадыг Төрийн дээд шагнал, аймгийн Засаг дарга, Монголын Ахмадын холбоо, аймгийн Ахмадын хорооны шагналаар шагнаж урамшуулжээ. 

Холбоотой мэдээ