УБТЗ: 500 гаруй ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-04 13:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ажлаа аваад эхний танилцсан салбар нь төмөр зам юм. Тэрбээр 9 дүгээр сарын 1-нд УБТЗ ХНН-ийн ажилтай танилцаж салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр харин төмөр замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй уулзалт хийв.


Тэрбээр уулзалтын эхэнд Монгол Улсын Төмөр замын тухай хууль УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгааг дуулгав. Манай улсад төмөр замын олон бүтээн байгуулалтыг хийж буйтай холбоотойгоор гадна, дотны, хувь хувьсгалын хөрөнгө оруулалттай галт тэрэг, вагон, зүтгүүр ажиллаж байгаа тул энэ бүхнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган шийдэх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг Төмөр замын тухай хуульд тусган ажиллах хэрэгцээ үүссэнийг тэрбээр онцоллоо.


Салбарын сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэн ажиллаж буйг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн танилцуулж мэдээллээ. Тодруулбал, хоёр улсын хооронд галт тэрэгний солилцоо өнгөрсөн оны 11 дүгээр сард хоногтоо 8 хүрч буурч байсан бол энэ оны 2 дугаар сараас эхлэн хоногт 10 галт тэрэг, улмаар өнгөрсөн 7 дугаар сараас 11-12  болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр БНХАУ-ын Тяньжин боомтод сүүлийн 2 жил бөөгнөрөөд байсан 9 мянга шахам чингэлгийг татан оруулж, чингэлгийн хуримтлалыг 40 гаруй хувиар бууруулжээ.


Түүнчлэн урд хөршөөс импортын чингэлэгтэй галт тэрэг хүлээн авах үйл ажиллагааг эрчимжүүлснээр нарийн царигаар өмнөх жилүүдэд Хилийн хэлэлцээрт зааснаар хоногт 6 галт тэрэг, түүний дотор импортын чиглэлээр 1-2 галт тэрэг хүлээн авдаг байсан бол он гараад хоногт 7-8 галт тэрэг авдаг болж, үүний 5-6 галт тэргээр нь импортын ачаа хүлээн авч байна.


Одоо УБТЗ суларсан чингэлгийг буцаах тал дээр ажиллаж байна. Замын-Үүд өртөөнд өргөн царигаар хоногт ачаатай 12-13 галт тэрэг хүлээлгэн өгдөг байсан бол өнгөрсөн 9 дүгээр сарын 24-нөөс эхлэн хоногт 14 галт тэрэг бүхий чингэлгийг буцааж буйг мэдээллээ. УБТЗ ХНН өнөөдөр импортын ачилтын захиалгыг цахимаар авч, дарааллыг нь автоматаар эрэмблэн тогтоож, хүний хүчин зүйл, оролцооноос үл шалтгаалсан, ил тод, шуурхай, хүлээлэггүй, хүнд суртал гаргахгүй байдлаар зохицуулан ажиллаж эхэлжээ.


Энэ хүрээнд төмөр замаар үйлчлүүлэгч 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд холбон хамруулаад буйг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн өнөөдрийн уулзалт дээр мэдээлэв. Тодруулбал, энэ оны 9-10 дугаар сарын экспортын ачилтын захиалгыг цахимаар хүлээн аван цахимаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна.


Уулзалтын үеэр ЗТХ-ийн сайдаас зарим зүйлийг тодруулав.

-Төмөр замын үнэ тарифыг чөлөөлнө гэсэн. Үүнийг ямар байдлаар, хэзээ хийх гэж байна?

-УБТЗ-ын 60 хувийн алдагдлыг бууруулахын тулд үнэ тарифыг нэмэхээс аргагүй болж байгаа. Үүнийг УБТЗ ХНН-ийн хамтрагч тал ОХУ-ын Оросын төмөр замын нийгэмлэг (РЖД)-ээс тавьж байгаа.

Өнөөдөр төмөр замаар купен вагоноор 8 мянга, нийтийнхээр 6-хан мянган төгрөгөөр зорчиж байна. Тэгвэл автобусаар 30 мянган төгрөгөөр явж байна. Тиймээс эхний ээлжинд экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк, техникийг шинэчилж, төмөр замчдын цалинг нэмэхээр төлөвлөж байна. Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй тулд бас үнэ тарифыг нэмэхгүйгээр УБТЗ-д ачаалал үүрүүлж ирсэн.

Улаанбаатар-Дарханы замыг та нар их асууж байна. 10 дугаар сарын 30 гэхэд замын хөдөлгөөний бүтэн урсгалыг нэг талдаа нээнэ. Хөтөлийн үйлдвэр засвартай, түр зогссоноос үүдэлтэйгээр цементийн нийлүүлэлт доголдож үнэ өссөн болохоос биш, Дарханы автозамд хамаг цементээ нийлүүлж байгаагаас болж үнэ нэмэгдээгүй. Дарханы замд өдөрт 700-800 тонныг буюу нийт цементийн 10 хувийг хэрэглэж байгаа. Хөтөлийн үйлдвэрийн ажиллагаа нээгдэж эхэлсэн. Импортоор орж буй цементийг тооцоход одоо тасалдал гарч, үнэ нэмэгдэхгүй.

-Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр төмөр замын тээврээс болж бэлэн жоншоо экспортолж чадахгүй байна. Үүнээс болж орон нутгийн татвараар татаас авдаг Хэнтий аймгийн төсөв тасалдаж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Хувийн болон улсын ачаа тээврийг эрэмбэлж байгаа. Ингэхдээ цахимаар, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэнэ. Гэхдээ мэдээж улс орны хэрэгцээт экспортын бүтээгдэхүүнийг юун өмнө анхаарч ачиж тээвэрлэх шаардлагатай. 

Гэрэл зургуудыг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ