ТӨСӨВ 2023: Нүүрсний экспорт 36.5 сая, зэсийн баяжмалынх 1.4 сая тонн байхаар төсөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-06 13:51:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд 2023 онд нүүрсний экспорт 36.5 сая, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн байхаар төсөөлөөд байна.


Түүнчлэн, Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар, харин нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 8400 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1,830.0 ам.доллар байхаар тусгажээ.


Олон улсын банк санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжийн 2023 оны олборлолт, экспортын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2,515.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр байгаа.


Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 47.3 хувь буюу 1,189.1 тэрбум төгрөгийг зэсийн баяжмал, 36.9 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165 тэрбум төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрөх орлого эзэлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ