Улаанбаатар, Чунчин хотын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-07 12:39:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бөгөөд Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жунжинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд Улаанбаатар, Чунчин хотуудын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр хотын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай санал солилцов.


Хотын дарга өнгөрсөн оны 5 дугаар сард Чунчин хотын даргатай цахим уулзалт хийх үеэрээ 2 хотын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай санамж бичгийг үзэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хот нь БНХАУ-ын томоохон хотууд, тэр дундаа Чунчин хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэллээ. Тэрбээр “Талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн үндсэн дээр Чунчин хоттой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнг эрэлхийлэн хамтран ажиллана” хэмээв.


Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жуньжинь “Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, дижитал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөнөөрөө давуу талтай. ДНБ, төсвийн орлогын хэмжээгээрээ Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж байгаа”-г дурдлаа.

Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбоо нь тус хотын Намын хорооны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэгдэн байгуулсан бизнесийн холбоо бөгөөд 30 мянга орчим гишүүн байгууллагатай аж. Тэрбээр Улаанбаатар, Чунчин хотын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн хэмээжээ.


Талууд 2 хотын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсоныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.



 

Холбоотой мэдээ