ЗАВХАН: Солонготын давааны арчлалтыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-07 21:47:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нутагт 10 дугаар сарын 6-7-ны шилжих шөнө үргэлжилсэн цас орж шуурснаас улсын чанартай зам даваанд халтиргаа гулгаа үүссэн байна.

Тухайлбал, Загастайн даваа хаагдаагүй боловч халтиргаа гулгаа ихтэй байгаа учраас замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Харин улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд 10 дугаар сарын 7-ны өдрийн 18.00 цагийн байдлаар явган шуургатай, цас үргэлжлэн орж 25-30 см хүртэлх зузаарснаар зорчих хөдөлгөөнд хүндрэлтэй нөхцөл үүссэн. Суудлын автомашин болон том оврын ачааны автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл үүссэн. Тиймээс тус замын арчлалтыг хариуцдаг ”ЗАВХАН АЗЗА” ТӨХК-аас ачааны хоёр автомашин, суудлын автомашин нэг, 30 ковш нэг гэсэн техник хэрэгсэлтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг ажиллаж байна.


Ажлын баг давааны замд элс болон давс цацах, мөстсөн халтиргаа гулгааг хусаж, цэвэрлэх ажлыг хийж байна. Гэсэн хэдий ч тээвэрчид, авто замд зорчиж буй малчид, иргэд замд гарахдаа хувийн бэлтгэлээ сайн базаах. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн онцын шаардлагагүй бол хол замд зорчихгүй байхыг "ЗАВХАН АЗЗА" ТӨХК-аас анхаарууллаа.


Ташрамд 10 дугаар сарын 7-ны өдрийн Улиастайгаас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Улиастай чиглэл болон Тэс, Тосонцэнгэл чиглэлийн хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг автобуснуудыг үүссэн нөхцөл байдлаас болж хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Мөн "Пирамид проект" компани Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн буюу урд бүсийн сумдын автозам дайран өнгөрдөг Ганцын давааны замын арчлалтыг хийжээ. 


Холбоотой мэдээ