ТӨВ: Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-12 15:31:46

Төв /МОНЦАМЭ/ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн Хүүхдийн зөвлөлөөс “Listen to flowers” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд охидод зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, “Гэр бүл амгалан бол хүүхэд жаргалтай” зургийн үзэсгэлэн дэлгэжээ.

“Listen to flowers” өдөрлөгийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн 8-12 дугаар ангийн 345 охидод “Охидын ариун цэвэр" эрүүл мэндийн боловсрол, "Сэтгэл гутралын ачаар дуртай мэргэжлээ олсон нь" болон “Аюулгүй болзоо” мэдээлэл зөвлөгөө, "Make up" охидын арьс арчилгаа зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг, санал асуулга явууллаа. Мөн "Гэр бүл амгалан бол хүүхэд жаргалтай" зургийн үзэсгэлэнг Төв аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд энэ сарын 10-12-ны өдрүүдэд дэлгэх ажээ.



НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүлийн 3-ны нэг нь хүчээр гэр бүл болон айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь нь буюу 400 сая нь 28 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон статситик тоо байна.
Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан эзэлж, ихэнх хувь нь бага насандаа хүүхэд төрүүлж, төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог байна. Тиймээс энэ өдрийг дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насан хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр гэр бүл болохыг эсэргүүцдэг.

Холбоотой мэдээ