ДУНДГОВЬ: Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байх шийдвэр гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Сар бүрийн 15-ны өдөр Дундговь аймагт
ахмадуудаа хүндэтгэсэн “Дуулах өдөр, дуун цэнгүүн” соёл, урлагийн үйл
ажиллагааг зохион байгуулахаар болж, энэ сарын 15-нд анхны цэнгүүнийг зохион
байгуулав.
Тодруулбал, Хүний хөгжлийг дэмжих жилийн
ажлын хүрээнд сар бүр ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, нөгөө талаас ардын дуу,
60, 70-аад оны үеийн дууны урын санг хүүхэд залуучуудад өвлүүлэх, сурталчлах
зорилгоор аймгийн Засаг дарга сар бүрийн 15-нд “Дуулах өдөр, дуун цэнгүүн”-ийг
аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулах тухай захирамж гаргаж, Соёл
урлагийн газарт үүрэг болгожээ.
Анхны “Дуулах өдөр, дуун цэнгүүн”-ийг Сайнцагаан сумын ЗДТГ, "Тэнгэрийн
тэмдэг" хүүхдийн театр, сумын Ахмадын хороо хамтран зохион байгуулж,
ахмадуудын дунд “Ардын дуу”-ны тэмцээн зохион байгуулсан байна.
Тэмцээнд Боржигон багийн ахмад
Ш.Хишигжаргал түрүүлж, Арвижих багийн ахмад Д.Санзайжамц, Ж.Амарзаяа нар
удаалжээ.
Ийнхүү сар бүрийн 15-нд байгууллага, аж
ахуйн нэгжүүд нэг өдрийг ахмадууддаа зориулж, хүндэтгэл үзүүлэн “Дуулах өдөр,
дуун цэнгүүн” зохион байгуулдаг болсонд тэд баяртай байгаагаа илэрхийллээ.




